“Барилгын материалын үзэсгэлэн яармаг”-т БНСУ, Итали, БНТУ, Казакстан зэрэг орнууд оролцоно
Өнөөдөр Барилгын Хөгжлийн төв/БХТ/-өөс олон улсын үзэсгэлэн зохион байгуулах болон арматурын шалгалтын тухай мэдээлэл хийлээ.
Монголын барилгын салбарын хөгжлийг түүчээлэгч аж ахуй нэгж байгууллагууд, барилгын салбартай ажил үйлсээрээ холбогдсон мянга мянган барилгачид болон үзэгчид нэгэн дээвэр дор цугладаг “BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармаг 16 жилийн туршид тасралтгүй зохион байгуулагдаж, жил ирэх тусам оролцогчдын тоо, борлуулалтын хэмжээ өссөөр, Монгол улсын эдийн засагт хувь нэмрээ оруулаад зогсохгүй барилгын салбарт томоохон дэмжлэг болсоор ирсэн билээ.
Бид 2023 оны үзэсгэлэнгээ өргөжүүлэн Монголын барилгын зах зээлд олон улсын нэр хүндтэй брэндүүдийг танилцуулахаар BARILGA EXPO үзэсгэлэнгийн 2-р хэсгийг “International fair” олон улсын оролцогчдын үзэсгэлэнг анх удаа зохион байгуулах гэж байна.
Энэ талаар өнөөдөр Барилгын Хөгжлийн төвөөс мэдээлэл хийсэн бөгөөд БХТ-ийн Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батням хэлсэн үгэндээ "БХБЯ, Барилгын Хөгжлийн төв, Barilga.mn-ээс жил бүр хамтран зохион байгуулдаг “Барилгын материалын үзэсгэлэн яармаг” энэ жил зохион байгуулагдах гэж байна.
Энэ жилийн үзэсгэлэн, яармаг нь олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд барилгын материалын чанарыг сайжруулах, үнийн өсөлтийг тогтворжуулах цаашид бууруулах чиглэлд анхаарч, арга хэмжээ авч ажиллаж байна.
Үзэсгэлэнд дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдээс гадна гадаадын маш олон компаниуд оролцож байна. Монгол Улсын хэмжээнд барилгын материалаа БНХАУ, ОХУ-аас оруулж ирдэг байсан бол энэ удаагийн үзэсгэлэнг бид гуравдагч, дөрөвдэхч орноос барилгын материал авах, тэдний туршлагыг дотоодын үйлдвэрүүдэд нэвтрүүлэх зорилгоор БНСУ, Итали, БНТУ, Казакстан гэх мэт улс орнуудыг урьж оролцуулж байна. Төрөөс хэрэгжүүлж буй барилгын материалын үнийг тогтворжуулах, бууруулах чиглэлээр хэд хэдэн чиглэлээр арга хэмжээ авч ажилладаг. Үүний хамгийн гол ажил нь үнийн судалгаа юм. Үнийн судалгааг бид 2-3 төрлөөр гаргаж ажилладаг.
Үүнээс гадна бид долоо хоног бүр барилгын материалын гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдийн үнийн судалгааг бодит эх сурвалжуудаас авч, нийтэд мэдээлдэг. Өнөөдрийн байдлаар барилгын материалын үнэ харьцангуй тогтворжсон, цаашид буурах хандлагатай байна. Арматурын үнэ 12 хувиар буурсан бол цементийн үнэ харьцангуй тогтворжсон.