Г.Баярсайхан: Яармагийг Нэгдүгээр хороололтой холбосон шинэ гүүрийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг ирэх 09 сард нээнэ
Авто замын түгжрэлийг бууруулах, замын байгууламжийг шинэчлэх зорилтот ажлын хүрээнд 2022-2024 онд томоохон зам, замын байгууламжуудын ажлыг эхлүүлсэн.
Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотод баригдаж буй хамгийн урт гүүр болох Наадамчдын өргөн чөлөөг Эрчим хүчний гудамжтай холбох шинэ гүүр болон Зайсангийн шинэ гүүрний барилгын ажлын явцтай Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан болон бусад албаныхан газар дээр нь очиж танилцлаа.
Наадамчдын өргөн чөлөөг Эрчим хүчний гудамжтай холбох буюу яармагийг нэгдүгээр хороололтой холбох гүүр нь 481 метр, зургаан эгнээ, дөрвөн амрах тавцантай, хоногт 31,600 машин нэвтрүүлэх хүчин чадалтай гүүр юм. Замын барилгын ажил 2022 оны 09 дүгээр сард эхэлсэн бөгөөд өвлийн улиралд замын барилгын ажил зогсоогүй. Гүүрийн зорчих хэсгийг 09 дүгээр сард нээж, 2024 онд бүрэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Тус зам ашиглалтад орсноор наадамчдын өргөн чөлөөний замын ачааллыг 14,9 хувиар Сонсголонгийн замын ачааллыг 8,9 хувиар бууруулах тооцоолол гарсан гэдгийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан энэ үеэр онцолж байлаа.
Гүүрэн байгууламжийн өртөг нь 77,3 тэрбум, замын байгууламж нь 44,9 тэрбум төгрөгийн төсвөөр хийгдэж байгаа бөгөөд нийслэлийн төсвийн хөрөнгөөр замын барилгын ажлыг "Мотор сервис" ХХК, "Туулын гүүр далай" ХХК, "Тэргүүн саруур зам" ХХК зэрэг дотоодын гурван компани гүйцэтгэж байна.