БНСУ-ын Цагаачлалын алба архаг өвчтэй, 3 настай хүүг цонхгүй байранд хорьсон нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл БНСУ-ын Цагаачлалын алба архаг өвчтэй, 3 настай хүүг цонхгүй байранд хорьсон нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-ын Цагаачлалын алба архаг өвчтэй, 3 настай хүүг цонхгүй байранд хорьсон нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл

2023 оны 6 сарын 15

Arslan.mn

БНСУ-ын Сувон хотын Цагаачлалын алба архаг өвчтэй, гурван настай монгол хүүг түр саатуулах байранд бусад насанд хүрэгчдийн хамт 19 хоногийн турш хорьжээ.

Өмнөд Солонгосын "The Hankyoreh" сонины хийсэн сурвалжлагын дагуу, Монгол Улсын иргэн "А"(22) гэх эрэгтэй нь тус улсад 2020 оны хоёрдугаар сард жирэмсэн найз бүсгүйн хамт аяллаар ирсэн ч коронавирусийн цар тахлын улмаас эх орондоо буцах боломжгүй болжээ. Хөл хорионы нөхцөл байдалтай уялдуулан БНСУ-ын Засгийн газар тэдний оршин суух хугацааг сунгасан ч хосын бяцхан хүү нь товлосон хугацаанаасаа нэг сарын өмнө буюу зургаадугаар сарын 6-ны өдөр дутуу төрж, эрүүл мэндийн олон хүндрэлтэй тулгаран, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчилгээний зардал нь 30 сая вонд хүрсэн байна. Үүнээс 5.7 сая воныг нь төлөх дутуу, дээрээс нь амьжиргааны зардлаа олох гэсэн "А" нь ажил хийхийн тулд визний хугацаагаа хэтрүүлж, тус улсад үлдсэн бөгөөд энэ хооронд төрсний дараах үеийн сэтгэл гутралд орсон найз бүсгүй нь хүүгээ орхиод явжээ.

Ингээд хүүгийнхээ хамт Өмнөд Солонгост хууль бусаар оршин сууж байсан "А"-г тус улсын цагдаа нар өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-ний өдөр баривчилж, Сувон хотын Цагаачлалын албаны түр саатуулах байранд шилжүүлсэн байна. Улмаар ганцаараа үлдсэн хүүг нь танил нь мөн Сувон хотын Цагаачлалын албанд хүргэж өгчээ. "А" нь хүүгээ итгэмжлэгдсэн боловсролын байгууллагад илгээхийг хүссэн ч цагаачлалын албаныхан татгалзаж, хүүхэдтэйгээ хамт саатуулагдахыг зөвшөөрсөн бичиг баримтад гарын үсэг зурахыг шаардсан байна.

Бага насны хүүхэд байрлахад тохиромжгүй жижиг байранд гуравхан настай хүү насанд хүрэгчдийн хамт 19 хоног хоригдож, улмаар хүнд ханиадны улмаас хүүхдийн эмчид хоёр удаа хандсан бөгөөд 17 дахь өдрөөс биеийн байдал нь огцом муудаж, хоол идэж чадахгүй болсон байна.

Аргаа барсан "А" нь “Саатуулагдсан хүүхэд хоол идэж чадахгүй байна. Түр саатуулах байрнаас чөлөөлөгдөхийг хүсэж байна" гэх өргөдлийг тус улсын Хүний эрхийн үндэсний комисст дөрөвдүгээр сарын 19-ний өдөр танилаараа дамжуулан хүргүүлжээ. Энэ бүх үйл явцыг мэдэж байсан Сувон хотын Цагаачлалын албаныхан дөрөвдүгээр сарын 20-ны өглөө аав, хүү хоёрыг “Эмнэлэг явъя” гэж дагуулж гараад, шууд Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд хүргэж, Монгол руу албадан буцаасан байна. Эхний долоо хоногтоо ямар ч цонхгүй байранд хоригдож, 19 хоногийн турш маш их стресст орсон гурван настай хүү одоог хүртэл сайн хооллож чадахгүй, бодлоо ч зөв илэрхийлж чадахгүй байгаа гэнэ.

Тэгвэл "А" нь өнгөрөгч тавдугаар сарын 4-ний өдөр Өмнөд Солонгосын Нийтийн ашиг сонирхлын хуулийн давж заалдах төвийн өмгөөлөгчтэй цахимаар холбогдож, гомдлоо илэрхийлсэн байна. Тус өмгөөлөгч хэлэхдээ, "Эцэг, эхээс нь албадан зөвшөөрөл авч, өөр ямар ч сонголтгүйгээр хүүхдийг шууд саатуулан, саатуулах байрнаас түр чөлөөлөхөөс татгалзсан нь Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон хүүхдийн хүчирхийллээс ялгаагүй бөгөөд төр өөрөө хүчирхийлэгч гэсэн үг. Иймээс Үндсэн хуулиас гадна Хүүхдийн эрхийн тухай конвенцод заасан Хүүхдийг цагдан хорихын эсрэг заалтыг зөрчсөн үндэслэлээр бид төрөөс нөхөн олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргахаар хэлэлцэж байна” хэмээсэн юм.

БНСУ 1991 онд элсэн орсон НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод “Цагаач хүүхдүүдийг эцэг эхийнх нь оршин суух статусаар шалтгаалан баривчлах нь хүүхдийн эрх чөлөөтэй байх эрх, дээд эрх ашгийг зөрчсөн явдал" гэж заасан байдаг.

Мөн тус улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ч хүүхдийг цагдан хорих нь хамгийн эцсийн арга хэмжээ бөгөөд аль болох бага хугацаагаар саатуулж, зайлшгүй тохиолдолд гэр бүлийг хамтад нь байлгахад тохиромжтой тусдаа байгууламж бэлтгэхийг зөвлөсөн байдаг аж.

Харин тус улсын Хууль зүйн яамнаас энэ хэргийн талаар “Ноён "А"-ийн танилаас хүүхдийг нь харж өгөхийг хүссэн боловч танил нь татгалзсан тул түр саатуулах байранд байршуулахаас өөр арга байгаагүй. Мөн ноён "А" хүүхдээ итгэмжлэгдсэн боловсролын байгууллагад явуулахыг хүссэн удаа байхгүй. Гадаадын иргэнийг хамгаалах журмыг зөрчсөн явдал байхгүй ч бид ирээдүйд хүүхэдтэй холбоотой асуудалд илүү нухацтай хандах болно" хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648162
0 эможи

Иргэн
2023-06-16 00:57
Ядуу орны иргэд гээд дээрэлхээд байгаа юм уу? Энэ солонгосчууд!!!
keyboard_arrow_up