Монгол Улс олон улсын стандартад нийцсэн шүүх шинжилгээний лабораториудтай боллоо
Монгол Улсын Засгийн газар, “КОЙКА” Олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар, БНСУ-ын Аюулгүй байдал, дотоод хэргийн яамны харьяа Үндэсний Шүүх шинжилгээний байгууллагын дэмжлэгтэйгээр "Монгол Улсын Шүүх шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.
Тэгвэл өнөөдөр (2023.06.21) уг төслийн хүрээнд Шүүх шинжилгээний ерөнхий газарт олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи бүхий тоног төхөөрөмжөөр бүрэн тохижуулсан шинжилгээний лабораториудыг хүлээлгэн өгөх, нээлтийн арга хэмжээ боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо, Шүүх шинжилгээний ерөнхий газрын бие бүрэлдэхүүн, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү, “КОЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын суурин төлөөлөгч Ким Жүн Мү, тус улсын Үндэсний Шүүх шинжилгээний хүрээлэнгийн Захирал тэргүүтэй төлөөлөгчид, болон албаныхан, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Арга хэмжээний үеэр Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо төсөл хэрэгжсэнээр “Шүүх шинжилгээний байгууллагын эрхэм зорилго болох хуулийг дээдэлж, хүний эрхийг хангах, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд шинжлэх ухаан, техник технологийн ололтыг ашиглахад бодитой дэмжлэг болсон” талаар цохон тэмдэглэсэн юм.
Шүүх Шинжилгээний ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Даваа:
"Шүүх шинжилгээний чадавхийг сайжруулах төсөл"-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж байна. Энэ төслийн хүрээнд цахим технологийн, химийн, ДНК, бичиг судлалын лаборатори буюу нийт дөрвөн төрлийн лабораторыг шинэчилсэн. Лабораториудад орчин үеийн дэвшилтэт технологиудыг суурилуулснаар шинжилгээний хариу хурдан гарах, мэдрэг чадвартай урвалж бодисуудыг ашиглах, Монгол Улсад илрүүлж чадахгүй байсан шинэ төрлийн хар тамхины шинжилгээг хийж, эрх бүхий байгууллагуудад хүлээлгэж өгч байна. Үүнээс гадна бид шүүх шинжилгээний үйл ажиллагаандаа ISO-9001, лабораторын 17025 зэрэг стандартуудыг хэрэгжүүлэх суурь бааз бүрдлээ. Дээрх лабораторид ажиллах боловсон хүчний төслийн хүрээнд БНСУ-ын шүүх шинжилгээний байгууллага дээр хуваарийн дагуу бэлтгэсэн. Мөн БНСУ-ын шүүх, шинжилгээний шинжээч мэргэжилтэнгүүд манай улсад ирж, лабораторын тоног төхөөрөмжийн суурилуулалт болон тоног төхөөрөмж дээр хэрхэн шинжилгээг хийх талаар заавар зөвлөгөөг өгч байна. Сургалт 09 дүгээр сар хүртэл үргэлжилнэ.
“КОЙКА” Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жүн Мү:
БНСУ-ын шүүх шинжилгээний байгууллага болон Монгол Улсын ШШЕГ хамтран хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд өнөөдөр лабораторыг шинэчилж өнөөдөр ийнхүү ашиглалтад орж байна. Төслөөр дамжуулан Монголын шүүх шинжилгээний байгууллагын чадавхи маш сайжирсан гэж харж байна. КОЙКА олон улсын байгууллага нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжүүлэхийн төлөө маш олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хувьд 2020 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд нийт 7 сая ам.долларын санхүүжилттэйгээр хэрэгжиж байна.
БНСУ-ын Үндэсний шүүх шинжилгээний хүрээлэнгийн захирал Пак Нам Кю:
“КОЙКА” Олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд 2020-2024 оныг хүртэл шүүх шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд шүүх шинжилгээний байгууллагад шинэ тоног төхөөрөмж суурилуулах, лабораторид ажиллах мэргэжилтнүүд болон шинжээчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар төсөл 80 хувьтай явж байна. БНСУ-ын шүүх шинжилгээний байгууллагад ашиглагддаг дэвшилтэт технологийг Монгол Улсын шүүхийн шинжилгээний байгууллагад нэвтрүүлснээр мэргэжлийн өндөр түвшинд хүргэх, шинжилгээ хийх чадварыг өндөр түвшинд хүргэх зорилготой байна.
ШШҮХ хэмээх бүтэцтэй явдаг байсан байгууллага 2022 оны УИХ-ын тогтоолоор ШШЕГ болон шинэчлэгдэж, үүнийгээ дагаад эрх зүйн орчин, бүтэц орон тоо, хүний нөөцийн чадамж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм.