Зарим иргэд 1,8 тэрбумаар үнэлэгдсэн газрыг, 4 тэрбумаар зарна хэмээж, “ЗАМЫН АЖЛЫГ ХОЙШЛУУЛЖ“ байна
Өнөөдөр Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал Ч.Батзориг Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламжийн талаар газар дээр нь очиж мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр зам, замын байгууламжийн үндсэн гол замуудыг өргөтгөх ажил явагдаж байна. Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох зам нь 3,9 км бөгөөд баруун тийшээ Тахилттай холбогдож байгаа бөгөөд зургаан эгнээтэй, дөрвөн гүүрийн байгууламжтай, явган хүний зам, дугуйн замтай.
Улаанбаатар хотын хэвтээ чиглэлд Энхтайваны өргөн чөлөөтэй адилхан зургаан эгнээ хэвтээ чиглэлийн замын ажил эхэлсэн бөгөөд ирэх оны 06 дугаар сард хүлээлгэж өгнө. Энэ замын ажилд нийт 356 нэгж талбар буюу ААН, байгууллага, хувь хүний газар өртсөн бөгөөд өнөөдрийн байдлаар газар чөлөөлөөгүй 34 иргэн, ААН байна.
Зургаан иргэний газар чөлөөлөлтийг хийхэд хүндрэл учраад байна. Эдгээр иргэдтэй ойлголцож чадахгүйн улмаас замын төгсгөлийн гүүрэн байгууламжийн хэсэг ажил явагдахгүй зогссон.
Тухайн газар дээр ААН-үүд үйл ажиллагаагаа эрхэлдэг ч иргэний нэр дээр газраа авсан учраас үнэлгээ тогтооход хүндрэл учирч байна. Эдгээр ААН-үүд маш их төлбөр нэхэж байна. Өөрөөр хэлбэл 1,8 тэрбумаар үнэлэгдсэн үнэлгээг үгүйсгэж, 4 тэрбум төгрөг нэхэмжилж байна. Зарим ААН-үүд буюу Петровис, МТ зэрэг газрууд биднийг дэмжиж ажиллаж байгаад талархаж байна.
Нэгэнт хийгдэх нь тодорхой болсон улсын чанартай бүтээн байгуулалтын ажил дээр аль болох газар чөлөөлөлтийг дэмжиж хамтран ажиллахыг хүсч байна.
Өнгөрсөн онд 70 гаруй тэрбум төгрөгөөр 671 нэгж, талбайд газар чөлөөлөлтийн ажлыг хийсэн. Гэмтлийн эмнэлгийн авто замыг Содон хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцлын ажлын газар чөлөөлөлт 95 хувьтай байна." хэмээлээ.
ШУУД ҮЗЭХ: