ТЭЭВЭРЧИД: Хулгайн тээвэр, түгжрэл үүсгэх учраас вокзалыг нүүлгэхийг эсэргүүцэж байна
Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзалыг 08 дугаар сарын 21-нд багтаан Толгойтод байрлах “Номин реалтор” ХХК-ийн байр руу нүүлгэхээр шийдвэрлээд буй. Харин хот хоорондын авто тээврийн үйлчилгээ эрхлэгчид автовокзалыг нүүлгэн шилжүүлэхийг эсэргүүцэж, мэдээлэл хийлээ. Тэд автовокзалыг нүүлгэж болно, гэхдээ нөхцөл сайжирсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна.
Драгон автовокзалыг нүүлгэхээр хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүд болон түүгээр үйлчлүүлдэг иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгааг Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооныхон хэлж байна.
Тээвэрчид болоод үйлчлүүлэгчдэд асар хүндрэлтэй шийдвэрийг эсэргүүцэж буй үндэслэлээ хэд хэдэн шалтгаанаар тайлбарлалаа.
-
Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, зохиомол түгжрэл үүсгэнэ.
-
Хулгайн тээвэр нэмэгдэнэ
-
“Номин”-гийн агуулахыг тохижуулж байгаа нь автовокзалын наад захын стандартыг хангахгүй
-
Драгоноос нийтийн тээврийн 32 чиглэлийн автобус явдаг. Харин “Номин”-гоос нийтийн тээврийн дөрвөн чиглэлийн автобус явж байна. Энэ нь иргэдэд такси барихад хүргэж, эдийн засгийн хүндрэл үүсгэнэ. Үүнээс үүдэн хот хоорондын автобусаар явах иргэдийн тоо эрс багасаж, хулгайн тээврийг сонгоно гэдгийг Хот хоорондын тээвэрчдийн холбооны тэргүүн Б.Ёндонжамц хэллээ.