ТӨРИЙН ОРДОН: Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ЗАЛУУ ОФИЦЕРУУД чуулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудад тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2023.08.18) Төрийн ордонд эхэллээ.
Тус хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй офицеруудын боловсрол, манлайллын асуудал”, “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын итгэл үнэмшил, хүний нөөцөд тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.
Мөн Тусгай хүчний цэргийн командлал, Цагдаагийн ерөнхий газар, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын алба хаагчид илтгэл хэлэлцүүлж, оролцох юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь залуу офицеруудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг ул суурьтай хэлэлцсэн, судалгаа, шинжилгээний үндэс дээр гаргасан, эрдэмтэн, судлаачидтай хамтран шүүн тунгаасан, шинжлэх ухаанч байр сууринаас хандсан, шийдвэрлэх гарц, гаргалгаа, арга замыг тодорхойлсон, бүтээлч санал, зөвлөмж гаргасан, тодорхой үр дүнд хүрсэн арга хэмжээ болох юм.