Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Баяр, баяр бас дахин баяр

2014 оны 3 сарын 06

Монголчууд “Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай” нэгнээ жинхэнэ эр хүн хэмээн хүндэлж, болж л өгвөл “Та дээшээ суу, алив айраг, архи сөгнөөрэй” хэмээн их багагүй хөл алдан сүйд болдог, найрсаг ард түмэн.

 

Энэ нь монголчууд долоо хоногт ядаж л нэг удаа ямар нэгэн баяр, тэмдэглэлт өдрийг хотол олноороо наргиж цэнгэн, тэмдэглэдэгтэй холбоотой. Одоо жишээ нь Монгол Улсын хуулиар тогтоосон “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж байна.

Эдгээрт Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр буюу долоодугаар сарын 11, 12, 13-ны өдрүүд багтана. Дараа нь Цагаан сар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3 орох нь тодорхой.

Түүний дараа Шинэ жил буюу нэгдүгээр сарын 1, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр гуравдугаар сарын 8, Хүүхдийн баяр зургаа­дугаар сарын 1, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр 12 дугаар сарын 29, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гээд явж өгнө. Тэгтэл бас “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр” гэж байна шүү. Үүнд ямар бэлгэ дэмбэрэлтэй өдрүүд багтах вэ гэвэл хамгийн эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр орж явчихна. За тэгээд цааш нь монгол эрчүүдийн албан ёсны ганц баярын өдөр гэж хэлж болох Монгол цэргийн өдрийг гуравдугаар сарын 18-нд хавтгайртал тэмдэглэж, зад шоудахгүй бол ёстой алдас болно. За тэгж байтал дөрөвдүгээр сарын 7-нд Эрүүл мэндийг хамгаалах өдрийг эмч, сувилагчид маань эрүүл энхийн манаанд зогсонгоо сэмхэн шиг хэд гурваараа нийлэн тэмдэглэхгүй бол “Нэг л юм дутуу” болчихно. Үргэлжлээд дөрөвдүгээр сарын 26-нд Оюуны өмчийг хам­гаалах өдрийг тэмдэглэн өнгө­рүү­лэхгүй бол оюуны хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашиг тун ноцтой зөрчигдөх болно.

Харин тавдугаар сарын 15-нд Гэр бүлийн өдрийг тэмдэглэхгүй л бол гэр бүлийн хүчирхийлэл ха­раа хяналтаас гараад давхи­­чихна гэж байгаа. Залуу­чуудын өдрийг найм­дугаар сарын 25-нд дориухан тэмдэглэхгүй бол хүн амын 70 хувийг эзэлдэг залуучууд маань хачин их гомдож, нус нулимстайгаа хутгалдах нь ойлгомжтой. Бурхан минь есдүгээр сарын 10-нд Улс төрийн хэлмэгдэгсдийн дурс­галын өдрийг тэмдэг­лэхгүй л бол цаг бусаар хорвоог орхисон олон мянган хүний сүнс биднийг амар тайван суулгахгүй нь яалт ч үгүй үнэн. Ингэсгээд байж байтал 10 дугаар сарын 1-нд Ахмадын өдөр болж аятайхан тэмдэглэн өнгөрүүлэхгүй бол өвгөд, хөгшид маань таягаа далайгаад босоод ирнэ шүү дээ. За тэгээд Улаанбаатарчууд бид 10 дугаар сарын 29-нд Нийслэлийнхээ өдрийг тэмдэглэхгүй бол ёстой онигоонд орж, түмний шившиг болно. Тэгж байтал асар удалгүй 12 дугаар сарын 10 болж Ардчилал, хүний эрхийн өдөр тохионо. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхгүй л бол Үүл баатраас эхлээд 1990 оны ардчилсан хувьсгалын баатрууд “Хонх”-ны дуугаа дуулж, жагсаал цуглаан хийгээд сүйд болж мэднэ. За тэгээд шинэ жил, Цагаан сар, багш нарын баяр, Валентин ламыг цаазалсан өдөр энэ тэрийг тэмдэглэж арай л ядаргаанд орж, уначихалгүй шиг салгалаад явж байтал залгуулаад гуравдугаар сарын 1-нд Эх орончдын өдөр пижигнээд хүрээд ирнэ. Энэ өдрийг жагсаж, цуглаж, бүрээ бөмбөр хангинуулсхийн тэмдэглэн өнгөрүүлэхгүй бол МАН, МАХН-ын журмын нөхөд уурлаж, гомдож бөөн юм болно шүү дээ.

Залгуулаад Монгол хүн сансарт ниссэн түүхэн дурсгалт өдөр, шувуу сонирхогчдын өдөр, загас сонирхогчдын өдөр, инээхгүй бол болохгүй өдөр, талархлын өдөр, тахиа тэжээгчдийн эв санааны нэгдлийн өдөр, шинэ ургацын баяр, Монгол Улсын төрийн далбааны өдөр, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр гээд магнай тэнийтэл баярлан цэнгэх өдөр дуусахгүй нь сайхан даа. Өө нээрээ долоо хоногийн эцсээр Монгол даяараа пижигнэтэл тэмдэглэж, дараагийн даваа гарагийн өглөө нь голдуухан улаан нүдлүүлээд байдаг Баасан ахын төрсөн өдрийг дурьдалгүй өнгөрвөл амьдын хар нүгэл болно. Одоо гуравхан хоноод алдарт мартын 8-ны өргөн их баяр цэнгэл наадам болно. Түүний дараа 10-хан хоноод агуу их эр цэргийн баяр тохионо гэж байгаа.

Харин сүүлийн үед янз бүрийн л юм толгойд орж ирдэг болчихоод байна. Жишээ нь ямар нэг баяр ойртож байгаа нь андашгүй. Утас маань хангинаж намайг гэсэн хэн нэгэн тун удахгүй ямар нэгэн баяр болох гэж байгааг сануулж гарна. Тэр нь ямар учиртай юм гэхээр янз бүрийн баяр, тэмдэглэлт өдрийн мэндчилгээ, баярын илгээлт бичиж өгөөч гэсэн татгалзахын аргагүй хүсэлт ар араасаа шунгинаад буу­чихыг хэлж байгаа юм. Сүнсний баяр гэж байна. Хөршийнхнөө айлгах үг хүүхдүүдэд хэрэгтэй бол­лоо, сүнс зайлчихмаар хэдхэн өгүүлбэр бичээд өгөөч гэсэн заллага авч байлаа. За тэгтэл Валентиний баяр гэгч нь хайр дурлалдаа шатаж яваа залуусын баяр юмдаг уу даа.
“Ахаа найз охин минь 20 настай юмаа би түүндээ хорвоогийн хамгийн сайхан үгийг хэлэх гэсэн юм бичээд өгөөч гэнэ. Хорвоогийн хамгийн сайхан үг сэтгэлээс гардаг болохоос хаа хамаагүй хэн нэгнээс гарах уу. Дараа нь цэргийн баяр болно. Хүүхнүүддээ эртхэн хэлэхэд би эрчүүдэд зориулж генералын мөрдэс шаглаж чадахгуй шүү дээ, ойлгоорой гуйя.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651
1 эможи
keyboard_arrow_up