ХАРАМСАЛТАЙ: “Түр хамгаалах байранд НЭГ ХОНОГТ дунджаар 30-40 хүүхэд ирдэг“
Хүүхэд хамгааллын асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн захирал Н.Отгонгэрэл " Хүүхдийн тусламжийн 108 утсанд хоногт дунджаар хүүхдийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай 40-50 дуудлага бүртгэгдэж, аймаг, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын анхан шатны хамтарсан баг руу шилжүүлдэг. Есдүгээр сарын 30-ны байдлаар хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардлагатай 7096 дуудлага мэдээлэл аймаг, дүүрэг рүү шилжсэн байна. Үүнээс 75 хувь нийслэлийн есөн дүүргийн хүүхдийн эрүүл, аюулгүй байдал хангагдах дуудлага бүртгэгджээ.
Гэр бүлийн орчинд бие махбодын хүчирхийлэлд 2501, үл хайхрах хүчирхийлэлд 1691 хүүхэд өртдөг. Мөн 1671 хүүхэд сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн дуудлага бүртгэгдсэн. Өнгөрсөн сард боловсролын орчинд хүүхэд бие махбодын болон үе тэнгийн хүчирхийлэлд өртсөн дуудлага өнгөрсөн наймдугаар сараас 2.3 дахин нэмэгдсэн. Түүнчлэн есдүгээр сарын 15-наас хойш хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээ буюу үл хайхрах, бие махбодын хүчирхийлэлд өртсөн хүүхдийн шуурхай тусламжийн үйлчилгээ нэмэгдэж, хоногт дунджаар 7-8 хүүхдийг түр хамгаалах байранд холбон зуучилж байна.
Улсын хэмжээнд хоногт дунджаар түр хамгаалах байранд 30-40 хүүхэд ирж байгаа тоон үзүүлэлт гараад буй. Үүний гол шалтгаан нь эцэг эх, асран хамгаалагчид бага насны болон өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарал, халамж сул болсонтой холбоотой.
Бага насны хүүхдийг 10-аас дээш насны хүүхдээр харуулж үлдээх, танихгүй, хамаатны хүнээрээ хүүхдээ харуулж байгаа нь хүүхдийг эрсдэлд оруулах, бие махбодын хүчирхийлэлд өртөх хэв шинж рүү аваачиж байна. Тухайлбал бага насны хоёр хүүхдийг цоожилж орхисноос цонхоор унаж, амиа алдсан харамсалтай явдал өчигдөр болсон.
Төрийн байгууллагын болон хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн зүгээс өдөр тутамд холбогдох хуулийн хүрээнд үйлчилгээг үзүүлж байгаа ч эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал халамжаа сайжруулж, хүүхдэдээ тохиолдож болох эрсдэлийг өөрсдийн хэмжээнд бууруулах, оршин суугаа хорооны багтай хамтарч ажиллах бүрэн боломж байгааг хэлье" гэлээ.