Малчин Б.Түмэндэмбэрэл: Чоно миний гарыг хазахад соёо орж байгаа нь надад мэдэгдсэн Малчин Б.Түмэндэмбэрэл: Чоно миний гарыг хазахад соёо орж байгаа нь надад мэдэгдсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Малчин Б.Түмэндэмбэрэл: Чоно миний гарыг хазахад соёо орж байгаа нь надад мэдэгдсэн

2023 оны 10 сарын 09

Arslan.mn

Малчин эмэгтэй, галзуу чонотой тулалдаж, чоныг цохиж алжээ

2023.10.02-ны үүрийн 04:00 цагийн үед Говь-Алтай аймгийн Алтай сумын Баянцагаан багт хоттой малаа эргэхээр гарсан малчин эмэгтэйг чоно ноцжээ.

Болсон явдлын талаар Баянцагаан багийн малчин Б.Түмэндэмбэрэл:

"Үүрээр 04:00 цагийн үед ноход хуцаж, боргох чимээнээр би сэрсэн. Манайх сувай малаа голынхоо урд талд хотлуулдаг юм. Намайг гарахад хотондоо байсан мал үргээд бүр урд талын өндөр хамар дээр гарчихсан байсан. Би малаа хотонд нь тууж оруулчихаад гэр рүүгээ орох гээд явж байлаа. Гэтэл саалийн ямаагаа хашдаг хашаанаас хэдэн ямаа гарчихсан, сувай мал руу явж харагдсан. Би тэднийг эргүүлэхийг оролдсон боловч нэлээд үргэсэн байртай, надад хашигдаагүй. Ямаагаа буцааж чадаагүй болохоор хашаа руу нь явлаа. Бараг тэнд байсан 200 орчим ямаа бүгд хашаанаас гарчихсан байхаар нь за за өглөө болъё доо гэж бодож зогстол гэнэт л хашааны булангаас нэг саарал амьтан үсрээд гараад ирсэн. Яг л миний өөдөөс эгц тулчихсан. Өдөр шиг сартай шөнө байсан болохоор араа соёо нь арзгар залуу чоно шиг харагдсан. Би ч их балмагдсан.

Зүүн гараараа овоон дээрээс нь барьж дараад цээжин дээр нь суусан. Чоно миний гарыг хазахад соёо орж байгаа нь надад мэдэгдсэн. Шар, шар хийсэн чимээ гарч байсан. Тэр үед энэ ч намайг гаргүй болгочихлоо доо гэсэн бодол төрж байлаа. Тэгээд ямар ч л байсан амьд гарах юмсан гэж бодоод баруун гараараа багалзуурыг нь шахсан. Хяхтнаад дуугарч байгаад жаахан муужирсан бололтой байна. Тухайн үед хоолойг нь боочихмоор санагдаж байсан ч боох нарийн юм байгаагүй. Өөрийнхөө сахиусыг таслаад уях гэсэн боловч хоолойд нь ч хүрээгүй. Харж байтал хажууд том чулуу үзэгдсэн. Түүнийг аваад ам руу нь хийсэн. Түүний дараа би жаахан тайвшраад, сэхээ авсан байх. Сарьсан хоншоор руу нь цохидог юм гэнэ лээ гэж дуулсан болохоор дахиад нэг урт чулуу авсан. Хазуулсан гараараа хэсэг хугацаанд хоншоорыг нь цохисон. Нэлээд цохисны дараа нөгөө чоно чимээ алдраад, гулжийсан юм болсон. Тэгсэн ч би шууд босож явж чадаагүй. "Долоон гол"-той байдаг юм гэсэн, үхээгүй гэж бодоод хэсэг суусан. Энэ хооронд хазуулсан гараас цус гоожоод бүр болохоо байлаа. Тэгээд л эргэж харан, харан гэрийнхээ зүг рүү гүйсэн".

Малын хашаа нь гэрээсээ зайтай, тэгээд ч шөнө байсан болохоор гэрийнхэн нь түүний дуудахыг сонсоогүй байна. Гэртээ орж ирсэн даруйдаа тэрбээр утсаа авч, сүлжээтэй газарт очоод сумынхаа эмнэлэгт дуудлага өгчээ.

Сумын эрүүл мэндийн төв, мал эмнэлгийнхэн ирж эмэгтэйд цаг алдалгүй яаралтай тусламж үзүүлжээ.

Тодруулбал, малчин эмэгтэй рүү дайрсан чоно галзуу өвчин туссан болох нь батлагдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651560
1 эможи

keyboard_arrow_up