Б.Оюунсанаа: “Тэрбум мод“ үндэсний хөтөлбөр эхэлснээс хойш 41 сая мод тарьж, ургуулаад байна
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9 хувьд хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилт тавиад байгаа билээ.
Энэ талаар ЗГХА, Ойн газрын дарга Б.Оюунсанаа "Хөдөлгөөн эхэлсэн цагаас хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хамгийн чухал асуудал бол тарьц, суулгацын нөөц бүрдүүлэлт байдаг. Энэ хүрээнд мод үржүүлгийн газар хэд байгаа эсэх, хүчин чадал, нөөц бололцоо ямар байгаад нэгдсэн тоо бүртгэл хийж, арга зүйн зөвлөгөө өгсөн.
Улсын хэмжээнд нийт 452 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж байна. Тус газрууд 76 иргэн, 25 ойн нөхөрлөл, 351 ААН-д харьяалагддаг. Эдгээр мод үржүүлгийн газарт 63 сая орчим тарьц, суулгац бүрдсэн. Өмнөх жилүүдтэй харьцуулбал тав дахин өссөн үзүүлэлт.
Үүнээс дотоодоос тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх боломжтой гэдэг нь харагдаж байгаа юм.
Өнгөрсөн аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 41 сая ширхэг мод тарьсан байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлээд 2-3 жилд бэлдцийг бүрдүүлэх, суурь ажлыг сайн хангаж байна. 2024-2025 онд эрчимтэйгээр мод тарина.
Томоохон уул уурхайн ААН-үүдээс их тоогоо мод тарих, ургуулах амлалтууд өгсөн. Мөн ААН-үүдтэй хамтарсан уулзалтууд хийж, тэдэнд ямар бэрхшээл тулгарч байгаа эсэх талаар хэлэлцүүлж байгаа.
Мод тарьж байгаа ААН болон тарьц, суулгац бэлдэж байгаа ААН-үүдийг хооронд нь холбох ажлыг хийж, гэрээ хэлцэл байгуулахад нь дэмжлэг үзүүлж байна.
Мөн орон нутагт арга зүйн зөвлөмж, мэдээлэл хүргүүлж ажиллаж байгаа." гэв.