УИХ-ын гишүүн Г.Дамдинням “НОГООН АВТОБУС“-аар оноогоо нэмэх үү...
Ногоон автобусны дуулианиас Д.Сумъяабаатар сугарч үлдсэн. Хотын шинэ дарга Х.Нямбаатар “ногоон автобус”-наас гадна, 2009 оноос хойш шууд гэрээгээр авсан бүх автобусны худалдан авалт зэрэг ноцтой асуудал илэрч, шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан.
АТГ, ЭЦА-ны ажлын хэсэг зөвхөн “ногоон автобус” дээр л гэхэд 25 хүнийг яллагдагчаар татсан. Тэдний дөрөв нь гадаадын иргэн юм. Хамгийн гол нь үүнд 318 тэрбум төгрөг зарцуулагдсан. Ингэхдээ засвар бүхий автобусыг хууль зөрчиж шууд гэрээгээр авсан байдаг.
Гэтэл УИХ-ын гишүүн Г.Дамдинням ногоон өнгөтэй автобусаар Дархан хотдоо нийтийн тээвэр явуулахаар болсон талаараа цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрээр "Бид Дархан хотынхоо доторх зам, уулзваруудаа сүүлийн жилүүдэд эрчимтэй засаж янзалсан байгаа. Удахгүй ДАРХАН-д маань нийтийн тээвэр явж эхэлнэ гэж оны өмнө хэлсэн дээ.
Олон түмний хяналтад орсон НОГООН өнгөтэй ч өөр үйлдвэрлэгчийн ЦАХИЛГААН, ШИНЭ автобуснууд ДАРХАН-ы маань нийтийн тээвэрт 2-р сарын 1-с явж эхлэх таатай мэдээ дуулгая.
Эдгээр автобуснууд нь БНХАУ-н Skywell үйлдвэрийн 2023 оны шинэ загварын 20 ширхэг автобуснууд юм." хэмээсэн юм.
Гэтэл уг автобус нь өнгөрсөн жил талбайд танилцуулагдсан ногоон автобустай тун төстэй байгаа нь олны эгдүүцлийг хүргээд байгаа юм. Сураггүй болсон ногоон автобуснуудыг энэ мэтээр сонгуулийн шоунд ашиглаад эхэлчихсэн үү гэх хүмүүс ч олон байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нэгэнтээ "Би "Тэнүүн Огоо" компанийн захирал А.Ганхуяг гэдэг хүнтэй уулзаж үзээгүй. Манай өрөөнд хувийн хэвшлийн төлөөлөл, холбооны тэргүүн гэдэг утгаар ирж уулзсан юм билээ. Миний өмнө сонссон мэдээллээр Дархан-Уул аймгийн хүн юм билээ. Дарханы улс төрчид дэмждэг гэсэн мэдээллийг саяхан авсан. Би автобустай холбоотойгоор тендерт нь юм уу эсхүл зохион байгуулалтын үйл ажиллагаанд нэг цэг ч тавьж ажиллаж үзээгүй" хэмээж байсан удаатай.
Харин Дархан-Уул аймгаас сонгогдсон Г.Дамдинням гишүүн твиттер хуудастаа "ногоон автобус"-ны талаар "Хувийн компани ашгийн төлөө л явна. Хог авчраад шинэ гэж шахах гэж үзэх бол тэдний л асуудал. Бүрэн буруутгах аргагүй. Харин түүнд хяналт тавиагүй төрийн байгууллагын буруу" хэмээж суусан удаатай.