“Хөгжлийн банк“-ны давж заалдах шүүх хуралд Ё.Баатарбилэг биеэр оролцож байна
Хөгжлийн банкны хэргээр ял авсан шүүгдэгч нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2024.03.12/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирсэн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын 36 гомдол, прокурорын нэг гомдлыг /2024.03.07/ өдрөөс Улаанбаатар чуулгын байранд хэлэлцэж эхэлсэн.
Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхээс тус шүүх хуралд оролцож буй прокурор, өмгөөлөгч нарын нэрийг танилцуулж, шүүх хуралдаан тасралтгүй үргэлжлэн явагдах тул тус хуралдаанд оролцож байгаа прокурор, өмгөөлөгч нарын оролцох шүүх хуралдааныг зарлах, товлохдоо давхардуулахгүй байхыг анхаарууллаа.
Эргэн сануулахад, Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрсөн 2023 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тухайлбал, шүүхээс авлига авсан үндэслэлээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 6 жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч, 73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасан байдаг.