Сонгуулийн мэдээллийн аюулгүй байдалд тагнуулын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлж эхэлжээ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өгөв.
Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо 1992 оноос хойш явагдсан бүх шатны сонгуулиудын үеэр иргэд, сонгогчдоос ирүүлж байсан санал, гомдол, тойргийн болон хэсгийн хороодод тулгардаг бэрхшээл, тулгамдсан асуудлын талаарх судалгаа, мэдээллийг орон нутгийн анхан шатны нэгжүүдээс авч, ирүүлэх хүсэлтийг ИТХ-д явуулсан.
Бараг бүх аймгаас мэдээлэл ирүүлсэн тул сонгуулийн үйл ажиллагаанд холбогдох байгууллагуудын төлөөллийн хамт уншиж, танилцан зохих арга хэмжээг авна" гэв.
Сонгуулиар "New Image Cast" санал тоолох төхөөрөмж хэрэглэнэ
"Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд "New Image Cast" санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрсөн. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төв Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд хэрэглэх сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа.
Тухайлбал сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдэлд хамаарах есөн төрлийн багц тоног төхөөрөмжид техникийн үзлэг, үйлчилгээг өнгөрсөн оны сүүлчээр бүрэн хийж, гүйцэтгэсэн.
Манай улсын хувьд 2,223 байршилд үүрэн холбооны сүлжээ бий. Тэдгээр байршлаас санал хураалтын дүнг түргэн шуурхай дамжуулах зорилгоор дэд бүтцийн бэлтгэл, судалгааг үргэлжлүүлж байна.
Сонгууль зохион байгуулахтай холбогдуулан www.e-election.mn буюу “Сонгуулийн мэдээллийн цахим систем”-ийг шинээр ашиглалтад оруулсан. Уг систем нь тоног төхөөрөмж ашиглалтыг цахимаар бүртгэж, хөтлөхөөс гадна бүх шатны сонгуулийн хороодод цахим сургалт явуулах, сонгуулийн үед үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бүртгэлийн ажлыг цахим хэлбэрт оруулж, мэдээллийн нэгдсэн санг бий болгосон нь сонгуулийн үйл ажиллагааг илүү боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм.
Бэлтгэл ажлын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг дахин тодорхойлж, эрсдэлт хүчин зүйлээс ангид байх үүднээс сонгуулийн төв байгууллагаас хүсэлт өгч, Тагнуулын ерөнхий газрын зөвлөмжийг авч хэрэгжүүлж эхэлсэн" гэсэн мэдээллийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран өгөв.
Иргэд өөрийн байнга оршин суудаг хаяг дээр өөр хүмүүс бүртгэгдсэн байвал хүсэлт гаргаж, шалгуулна
Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын/УБЕГ/ дарга Д.Дэлгэрсайхан "Сонгогчдын бүртгэлийн тоног төхөөрөмжийг 2013 оны арваннэгдүгээр сараас хойш шинэчлээгүй байсныг өнгөрсөн онд шинэчилсэн. Техникийн шинэчлэлийг хийснээр цахим сонгууль явуулах нөхцөл бүрдсэн гэж хэлж болно.
Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой үүсдэг гомдол, саналыг харгалзан үзэж, бэлтгэлээ хангаж байгаа. Үүнд иргэний бүртгэл, мэдээллийг цахим системд алдаа мадаггүй байлгаж, хаягжуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтран сэргээн сайжруулсан. Иргэдэд мэдээлэл өгөх, сургалт, судалгааны ажилд онцгойлон анхаарч ажиллаж байна.
Сонгогчдын бүртгэлийг боловсронгуй, ил тод байлгах үүднээс www.check.burtgel.gov.mn цахим талбарыг нээн ажиллуулж эхэлсэн. Иргэд тус талбарт нэвтэрч, өөрийн байнга оршин суудаг хаяг дээрх өөрийн болон бусад хүний мэдээллийг шалгах боломжтой. Хэрвээ тухайн хаягт өөр хүмүүс бүртгэгдсэн, мэдээлэл зөрчилтэй тохиолдолд хүсэлт гаргаж, шалгуулна. Цөөнгүй хүний гомдлыг хүлээн авч шалган зөрчлийг арилгуулсан" гэв.
Сонгуулийг шударга явуулахын тулд иргэдийг мэдээллээр хангах, ялангуяа сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой зар, сурталчилгааг олон нийтэд түлхүү хүргэх шаардлагатайг онцолсноор Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан өндөрлөв.