Н.Мишигдорж: Алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол өмгөөлж, хамгаалах ЁС ЗҮЙ цагдаагийн байгууллагад БАЙХГҮЙ
Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас цаг үеийн асуудлаар прокуророос зөвшөөрсөн хэмжээнд өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга Н.Мишигдорж " Дотоод хяналт, аюулгүй байдлын газар хараат бус үйл ажиллагаа явуулдаг нэгж юм. Энэ нэгжээс "нэр бүхий алба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэсэн" мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлж, холбогдох албан шалгалтыг явуулан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гээд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлснээр одоо мөрдөн шалгах ажиллагаа байна.
Цагдаагийн нэр бүхий 4 албан хаагчийг албанаас нь чөлөөлж шалгаж байна.
Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль бий. Уг хуулиар дээрх мэдээлэл нь хүний эмзэг мэдээлэлд ордог. Тухайн хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болохгүй.
Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд мэдээллийг нь задруулж болохгүй гэдэг ХЭҮК-ын зөвлөмж бас бий. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Прокуророос зөвшөөрсөн хэмжээнд мэдээлж болно гэж үзсэн учраас өнөөдөр ийнхүү мэдээлэл хийлээ. Алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол өмгөөлж, хамгаалах ёс зүй цагдаагийн байгууллагад байхгүй. Эрх зүйч байхгүй." гэв.