“Талийгаач охины ар гэр сэтгэл санааны хохирлын төлбөрийг ялтнаас гаргуулна гэсэн цаастай л үлдлээ“
Дорноговь аймгийн Сайншанд сумын сурагч Д 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр алга болсон. Түүнийг Г гэгч этгээд автомашиндаа суулган авч явж, эзгүй газарт аваачин хөнөөсөн хэрэг гарсан. Түүнд бүх насаар нь хорих ял оноосон юм.
Талийгаач охины өмгөөлөгч мэдээлэл хийлээ.
Тэрбээр " Дорноговь аймгийн 12 настай талийгаач охины хувьд сэтгэл санааны хохирлыг төлүүлэхээр болсон. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлнэ гэсэн заалт бий. Үүн дээр насжилтын асуудлыг давхар тооцсон. Өөрөөр хэлбэл Дорноговь аймагт дундаж насжилт 72 бөгөөд энэ хугацааны мөнгийг давхар тооцуулсан буюу 182 сая гаруй төгрөгийг сэтгэл санааны хохиролд ялтан Гантулгаас гаргуулах шийдвэр гарсан.
Гэтэл бүх насаараа хоригдож буй ялтан энэ хохирлын төлбөрийг төлөх боломжгүй. Иймд тусгай сангаас сэтгэл санааны хохирлын төлбөрийг гаргуулдаг байя гэсэн байр суурьтай байгаа юм. Бид сэтгэл санааны хохирлын төлбөрийг ялтнаас гаргуулна гэсэн цаастай л үлдлээ.
Сэтгэл санааны хохирлын төлбөрийг Засгийн газрын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй." гэв.