Хуульч О.Батхүү: Зөндөө хулгай луйвар үзсэн. Гэхдээ ногоон автобусных шиг увайгүй хулгай харж байсангүй
Хуульч О.Батхүү ногоон автобусны асуудлаар өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Зөндөө хулгай луйвар үзсэн. Гэхдээ ногоон автобусных шиг увайгүй хулгай харж байсангүй.
1992 оны хуучин рам дээр хог нийлүүлж гагнаад, хар лаак нялаад бүр сангийн турбаг крантыг нь авалгүй тэр чигт нь хийсэн байсан. Суудлыг нь шалтай нь барилгын хар шүрүүпээр нэвт өрөмдөөд, гадна талд нь Евро 5 гэдэг хулхи бичиг наачихсан. Зогссон газар нь тос гоожоод, асаагаад явахаар хар утаа хаяна.
Ийм хог авч ирчихээд клип хийж цацаад, гайхуулж байгаа юм шиг төв талбай дээр эгнүүлээд тавьчихсан байсан. Хөлсний сэтгүүлчдээр цоо шинэ гэж бичүүлээд, бүх сувгаар мөнгө төлж сэвүүлээд бөөн юм болсон. Энэ бүх мөнгө хотын төсвөөс, та бидний төлсөн татвараас гарсан.
Энэ улаандаа гарсан хулгайгаас болж УБ-чууд хөлдөж үхэхээ шахсан. Энэ нь багадсан юм шиг 12 сарын сүүлээс 2 сар гартал автомашин хориглосон. 43 хоног яс хорионд орж, арайхийж дууслаа гэсэн чинь автобусны маршрутыг нь өөрчилж дахиад баахан бужигнуулсан. Үйл тамыг нь үзсэн. Даанч энийг санаж байгаа хүн тун цөөхөн.
Гэтэл одоо сонсгол хийнэ гээд бөөн сүр. Сонсгол хийх хэрэггүй, шүүх хурал хий. Эрүүгийн хуульд хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж, тохуурхан доромжилж, бүлэглэн, гамшиг, аюулт үзэгдлийг далимдуулан үйлдсэн бол ял хүндрүүлдэг.
Төрд алба хашиж байгаа хүмүүс энэ гэмт хэргийг үйлдсэн. Ингэхдээ Монголын ард түмнийг басамжилж, доромжилж үйлдсэн." хэмээжээ.