УГТЭ: “УЛААНБААТАР МАРАФОН 2024” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО УГТЭ: “УЛААНБААТАР МАРАФОН 2024” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ: “УЛААНБААТАР МАРАФОН 2024” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

2024 оны 5 сарын 28

Arslan.mn

Нийслэлийн засаг даргын тамгын газраас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар марафон 2024” гүйлтийн арга хэмжээ, авто машингүй өдрөөр УГТЭ нь жанжин Д.Сүхбаатарын талбайд нийт есөн төрлийн үйл ажиллагаа явуулж амжилттай оролцлоо. Зохион байгуулсан үйл ажиллагаануудад марафонд оролцогчдод гүйлтийн өмнө дасгал хөдөлгөөнөөр сэдээгдэх зүрхний хэм алдагдлын эрсдэлийн үнэлгээ, ойрын 10 жилд зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийг бууруулах зөвлөмж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зөвлөгөө, тус эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвөөс иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл түгээх зорилгоор бий болгосон “Зүрх судасны үндэсний төв – Иргэдэд” нүүр хуудас, www.zurkh.telemedicine.mn веб хуудсуудыг таниулах, иргэдэд зориулсан амилуулах суурь тусламжийн гардан сургалт, даралт хэмжилт, зүрхний цахилгаан бичлэг, зураг авалтын булан, залуучуудад зориулсан “Хэдийнбээ” видео контент зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

Марафон гүйлтийн өмнө илрүүлэг хийхийн гол зорилго нь зүрхийг өөрийг нь тэжээдэг судасны эмгэгүүд болон зүрхний хэм/хэмнэл алдагдлыг илрүүлэх, түүнчлэн зүрхний өвчнөөр оношлогдсон хүмүүст дасгал хөдөлгөөний эрчим, хугацаа зэрэгтэй холбоотой зөвлөгөө өгөх, гүйлтийн үеэр тохиолдож болох таагүй үр дагавараас урьдчилан сэргийлэх мэдлэгийг олгох юм. Илрүүлэг нь зөвхөн марафонд оролцох эсэх, гүйлтийн зай болоод эрчмийг тохируулах шийдвэр гаргахаас эхлээд цаашдаа спорт, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхдээ анхаарах зүйлсийг тодохой болгох ач холбогдолтой. Зүрх судасны өвчний 10 жилийн эрсдэл нь нас, хүйс, даралтын түвшин, урьд өмнө нь чихрийн шижин, эсвэл зүрх судасны өвчин оношлогдож байсан эсэх, тамхи татдаг эсэхээс хамааран ирээдүйн 10 жилд зүрх судасны өвчнөөс өвдөх эрсдэлийг бага, дунд, өндөр, маш өндөр зэрэг түвшингээр тооцдог. Энэхүү эрсдэлийн үнэлгээг хийснээр дараагийн 10 жилд зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулах алхмуудыг (эмийн болон эмийн бус аргууд) хэрэгжүүлэх, өөрт байгаа эрсдэлтэй зан үйлийг мэдэж, түүнийг арилгах, эрүүл амьдралын хэв маягийг хэрэгжүүлэх шийдвэр гаргахад тусладаг.

Тус эмнэлгийн асраар нийт 300 гаруй иргэн зочилж даралт хэмжилт, зүрхний цахилгаан бичлэг, зүрх судасны өвчний эрсдэлийн үнэлгээ зэрэгт хамрагдсан бөгөөд 100 гаруй иргэн амилуулах суурь тусламжийн гардан сургалтад хамрагдлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657775
0 эможи

keyboard_arrow_up