ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хагас жилийн тайлангийн хурлаа зохион байгуулж, тэргүүний алба хаагчдаа шагналаа
Мөрдөн байцаах албаны 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан хурал, сахилгын зөвлөгөөн энэ оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус албаны хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Тайлангийн хуралд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах, дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Энх-Амгалан, төвийн болон харьяа нэгжийн нийт 425, шинээр томилогдсон 23 мөрдөгч тус тус оролцлоо.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны харьяа нэгжүүд нь 2024 оны эхний хагас жилийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй 24,354 гомдол, мэдээллийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулан нийт гомдол, мэдээллийн 21542 буюу 88.5 хувийг шийдвэрлэж, гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан 484.3 тэрбум төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, гэмт хэргийн илрүүлэлт 44.6 хувьтай байна.
"Улсын Ерөнхий Прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/73 дугаар тушаал шинэчлэн батлагдсантай холбогдуулан гэмт хэргийн харьяаллыг төвийн дагнасан чиг үүргийн нэгжүүд хүлээн авч шалгаснаар дүүргүүдийн цагдаагийн нэгжийн алба хаагчдын ажил, ачаалал 3.5-10 хувиар буурч, мөрдөн шалгах ажиллагааны чанар үр дүн сайжирч, мөрдөгч нараас хүний эрхийн болон мэргэжлийн алдаа зөрчил дутагдал гарах явдал буурсан." талаар Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах энэ үеэр онцолж байлаа.
Мөрдөгч нарын ажил, ачааллыг бууруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/220 дугаар тушаалаар ажлын ачаалал багатай дүүрэг, орон нутгийн цагдаагийн нэгжүүдээс 25 мөрдөгчийн орон тоог ачаалал ихтэй нэгжүүдэд шилжүүлэн томилуулж, ажил, ачааллыг тэнцвэржүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласнаар мөрдөн шалгах ажиллагааны чанар үр дүнд тодорхой ахиц гарсан.
Энэ үеэр удирдлагаас бие бүрэлдэхүүн хандаж иргэдийн амар тайван аюулгүй байдлыг хангах, хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг онцолж, ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчдыг албаны хүндэт тэмдэг, баярыг бичгээр шагналаа.