Цам харайх ёслолын утга учир Цам харайх ёслолын утга учир
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Цам харайх ёслолын утга учир

2024 оны 8 сарын 01

Arslan.mn

Монгол бөөгийн бүжиг нь нэн эртний язгуур чанарыг агуулсан байдаг бол Цам нь буддын шашныг дэлгэрүүлэх, газар лусын эздийн уур хилэнг намжаах,  хүн ардад учирсан гай зовлон, ад зэтгэрийг арилгах шалтгааны улмаас үйлддэг шашны томоохон баяр бүхий зан үйл юм. 

Цам нь төвд хэлээр бол нам дарах гэсэн утгатай үг бөгөөд шашны дайсныг дарах утгыг агуулж буддын шашны үлгэр домгийн дүрүүдийг биетээр үзүүлэн бурхан чөтгөр, буян нүглийн утга учрыг сүсэгтэн олонд ухуулах зорилготой байжээ.

Цам бол догшин бурхдыг дүрсэлсэн шашны нэгэн төрлийн бүжгийн чуулган юм. Цамын дүрүүд нь бурхны шавь нар зүүд бясалгалдаа үзэж төсөөлсөн дүр болой. Цам гадаад төрх, дүүлж харайх хөдөлгөөнөөрөө муу бүгдийг зайлуулж дотоод сэтгэлээрээ арван орны бурхны шавь нарыг баясган гийгүүлэх учиртай билээ.

Эцэст нь Монголын 700 гаруй хийдийн 500 нь өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлсэн цам бүжгийг дэглэх болсон байна. Цамыг Зөвлөлтийн коммунист дэглэмийн нөлөөн дор бүрэн хориглож, хувцас баг, эдлэл хэрэглэлийг нь Төвд рүү гарган урлалын зүйлд ашиглажээ.

Цамын үүсэл: Цам гэдэг нь гар хөлийн янз бүрийн хөдөлгөөнийг илэрхийлсэн шашны бүжиг байсан бөгөөд багтай баггүй байдлаар бүжиглэдэг байв. Өөрөөр хэлбэл эртний үлгэр домгийг биетээр харуулахын тулд тэнгэр нар гэх мэтийг төлөөлсөн амьтдыг дуурайлган хийсэн баг хувцас өмсөөд тус тусын хэлээр ярьж бүжиглэдэг байжээ. YIII зууны үед Төвдийн анхны хийд болох Самьяа хийдийг барьж байгуулахад тэр үеийн Төвд орны хар зүгийн лус савдагууд элдвээр эсэргүүцэж ажил үйлсийн замд нь ихээхэн саад тотгор учруулсан гэдэг. Тийм учраас Энэтхэгийн их тарнич ловон Бадамжунай Хэлая бурхны баг хувцсыг өмсөж цамыг зохион байгуулан хар зүгийн лус савдагийг ялаад саадыг арилган амар амгаланг тогтоожээ.

Түүнээс хойш янз бүрийн цамын бүжгүүд тархан дэлгэрсэн түүхтэй юм. XYI зууны үеэс эхлэн Төвдийн шарын шашны хийдүүдэд түгэн дэлгэрчээ. XIX зууны эхээр Монголд анх Гэсэрийн түүхийг бүжиглэж Гэсэр цам гэдгийг байгуулснаар Монгол цамын түүх эхэлдэг. Түүний дараа 1811 онд Их хүрээнд Ямандаг бурхан аюулт эрлэгүүдийг номхотгосон тухай түүхийг харуулсан Жахар цамыг бий болгожээ.

Тухайн үед Төвдээс ирсэн лам цамын хамгийн нандин нууц тарни бүхий “Дансран Жамцын гарчим” гэдэг номыг зааж өгөөгүй ажээ. Тэрхүү нууц номыг Хүрээний XII их хамба байсан Хайдав лам бүтээснээр цамын нууц номлолын ёсон бүрдсэн гэдэг.  Түүнээс хойш лам нар жилд нэг удаа цугларч дадлага туршлагатай, өндөр мяндаг тушаалтан ламын удирдлаган доор 1-2 сар тусгай сургууль хийсний дараа зуны сүүл сарын шинийн 9-нд шарын шашны зан үйлийг сүсэгтэн олонд таниулах зорилгоор цам бүжиглэдэг болжээ.

Манай оронд тоглогдож байсан цамуудын хамгийн том нь Хүрээ цам юм. Үүнд Эрлэг номун хаан болох Дамдинчойжоо, Цагаан өвгөн, Улаан жамсран, Баян намсрай, Хангарьд, Гомбо гэх мэт 108 баг бүхий дүрүүд гардаг. Мөн ардын дунд тархсан домог түүхтэй холбоотой амьтад болох жигүүртний хаан Хангарьд, араатны хаан Арслан, гоо үзэсгэлэнгийн дээд Буга, зөгнөгч Хэрээ болон зарим тэжээмэл амьтдыг дүрсэлсэн эерэг болон сөрөг дүрүүд оролцоно.

Цам харайхын утга учир: Цам нь ад хорлол, гай барцад, муу муухай бүхнийг даран сөнөөх зорилготой нууц тарнийн ёсонд тулгуурласан шашны зан үйл юм. Чойжин сахиусуудыг бодитойгоор харуулснаар хүний сэтгэлийн гүнд нууц тарнийн онолын үрийг суулгаж байгаа ажээ. Үнэхээр сүсэглэж чадвал сахиус чойжингууд бодитойгоор морилон бууж цамнан бүжиж байна гэж бодогдох учиртай гэдэг. Цамын хөдөлгөөн бүр нь муу ёрыг дарах, хөөн зайлуулах номын үйлдэл юм. Тийм үйлдэл хийснээр тийм муу зүйлийн хорлолыг дарна гэх мэт гүн гүнзгий утга агуулгатай байдаг.

Хамгийн гол нь хүний сэтгэлд буй уур, мунхаг, тачаангуй гурван хорыг даран мөхөөж элдэв зүйлийн гайгаас ангижруулах увидас шидтэй бурхны шашны хатуу үйл гэж номлосон байдаг. Нууц тарнийн ёсны дэг сахилга хатуу учир цамын Чойжин сахиусны бясалгалыг хийж, дотоод санаа бодол нь номын зүгт бүрэн хандсан, номын абшиг санваар хүртсэн лам хуврагууд л цамд цамнадаг. Цам нь жирийн нэг бүжиг наадам биш, баг өмсгөл чимэг зүүлтээсээ эхлээд гар хурууны байрлал хөдөлгөөн, харайх үсрэх нь цөм нууц тарнийн ёсны зан үйлийн гүн бясалгалын илэрхийлэл байдаг.

Цам харайх дэг жаяг: Цамын бүжгийг эхлүүлэх хамгийн эхний дүр нь Үхээрийн эзэд буюу хохимой нар бөгөөд тэдгээр нь оршуулгын газрын хамгаалагч эзэд юм. Тэднийг хон хэрээ дагасан байх ба хэрээ ариун тахилд хүрч бузарлахыг оролдох бөгөөд хохимой түүнийг хамгаалж буй дүр үзүүлэн бүжиглэдэг. Энэ үед хөгжим улам чанга сүртэй болж Хуушин хаан найман хүүхдийн хамтаар гарч ирнэ. 

Тэд хуран цугласан олныг баясгагч дүрүүд юм. Тэдний дараа шашны хамгаалагч бурхад буюу зовлонгоос гэтэлгэгч Гомбо, эд баялгаар хангагч Намсрай, шашны хамгаалагч эм бурхан Лхам, дайчин тэнгэр Жамсран, тэдгээрийг дагалдагч Буга толгойт Шива, Үхэр толгойт Махиа нар гарч ирнэ. Тэдний бүжиг маш хурц ширүүн байдаг. Бүжиг дуусах үед Цагаан өвгөн гарч ирнэ. Цагаан өвгөн хүмүүсийг хөгжөөгч бурхан юм. Бурхад сор тойрон бүжиглэж, муу муухай, хортон дайсан болгоныг линка руу чиглүүлэн түүнд хуримтлуулна. Хар малгайт шанагууд цам бүжигт баг зүүдэггүй ганц дүр юм.

Шанагууд таван хааныг урин залах бөгөөд тэдгээр нь шашныг үүрд хамгаалахаар ам тангараг өргөсөн хаадууд юм. Таван хааны богинохон маш ширүүн бүжгийн дараагаар Эрлэг номун хаан буюу Дамдинчойжоо гарч ирнэ. Бухын толгой бүхий багтай бөгөөд нэг гартаа тэрсүүтнийг барих цалам, нөгөө гартаа дүүрэн цустай гавал аяга барьсан байна. Түүнийг гарч ирснээр цам бүжгийн хамгийн оргил хэсэг эхэлнэ. Энэ бүхний эцэст догшин бурхад линка-г 12 хэсэгт хуваан цавчиж хаяна. Хамгийн сүүлд сорыг тойрсон 2 давхар тойрог үүсгэн бүжиглэнэ. Дотор тойрогт гол догшин бурхад, гаднах тойрогт шанага малгайтнууд бусад дагалдагч бурхад бүжиглэдэг.

Ийм байдлаар дүрүүд бүжиглэсээр бүх цамын бурхад гортиг тигээ 3 удаа тойрч эргээд “Ансол” хэмээх ном уншаад үйлс явдлаа сайн бүтээж өгсөнд харилцан бие биедээ талархаж байгаагаа илэрхийлнэ. Дараа нь эрэмбэ дэс дараагаар анх гарч ирсэн дугандаа орж, хамгийн сүүлд шанага малгайтнууд орно. Цамын бүжиг дуусахад лам нар босож ёслолын сүүлийн уншлагыг уншин, сорыг хийдээс гарган урьдчилан бэлдсэн талбайд аваачна. Хамгийн өндөр хэргэмтэй лам сорыг авч маш өндөр дуугаар тарни уншингаа сорыг агаарт өргөн толгой дээгүүрээ тойруулан эргүүлж гурван удаа давтсаны эцэст дүрэлзэж буй гал руу хийн шатаагаад сүм рүүгээ буцна.

Сор зална гэдэг нь  Дамдинчойжоо бурханд дээд зэргийн өргөл өргөж байна гэсэн утга юм. Сор гэдэг нь хадуур гэсэн үг бөгөөд муу юм бүгдийг юу ч үлдээлгүй хадуураар хадаж үгүй хийж байгаа утгыг илэрхийлдэг. Цам тоглогдоогүй 80-аад жил болсон тул өнөө үе хүртэл олон дэг журам нь алдагдсан байдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657991
1 эможи

keyboard_arrow_up