Ибрахим Мухамед Аль Амори: Арабууд Монголд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд буцдаг Ибрахим Мухамед Аль Амори: Арабууд Монголд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд буцдаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ибрахим Мухамед Аль Амори: Арабууд Монголд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд буцдаг

2024 оны 8 сарын 21

Arslan.mn

Катар улсын шейх Абдуллазиз Бин Алтани-гийн итгэмжлэгдсэн бие төлөөлөгч Ибрахим Мухамед Аль Аморитой ярилцлаа.

-Сайн байна уу. Та манай улсад хэзээ ирэв. Өмнө нь ирж байсан уу?

-Манай групп 2015 оноос хойш Монгол Улсад ирж шонхор шувуу агнаж байна. Бид хоёр орны хооронд байгуулсан гэрээ конвенцын дагуу албан ёсны зөвшөөрөлтэйгөөр энэхүү үйл ажиллагааг явуулдаг. Бидний байгуулсан гэрээ бүгд хууль ёсных. Тийм ч учраас өмнөх жилүүдэд ямар нэгэн асуудал гарч байсангүй. Харин энэ жил бид хүндрэлтэй асуудалтай нүүр туллаа. Гэхдээ асуудал удахгүй хэвийн болно гэдэгт найдаж байна. Манай группын ажилчдын бичиг баримт, орон нутагт явах автомашины тоо тэдний зөвшөөрөл гээд зэрэг бүгд албан ёсны гэрээтэй, мөн тагтаа, ногтруу шувууны зөвшөөрөл маань ч хууль ёсных байдаг.

-Танай группын тухайд манай улсаас өөр улсад шонхор шувуу агнах үйл ажиллагаа явуулдаг уу?

-Тийм ээ. Олон газар бий. Тухайлбал, Азербайжан, Турк, БНХАУ, Судан, Марокко, Алжир улсуудад бид зөвшөөрөл, олгосон квотын дагуу шонхор агнаж байна.

-2015 оноос хойш Монгол Улсад ирж, энэ төрлийн үйл ажиллагаа явуулсан, харьцангуй туршлагатай юм байна.  Саяхан Өвөрхангай аймагт болсон үйл явдлын талаар та ярихгүй юу. Яг юу болсон юм бэ?

-Бид энэ үйл явдалд үнэхээр цочирдсон.  Одоо ч цочролын байдлаасаа гарч чадахгүй байна.  Манай группынхэн өөр хэсэгтэй хамтарч Өвөрхангай аймгийн төвд зочид буудлын өрөөнүүд түрээслэсэн. Ингээд амарч байтал гэнэт л орилж, хаширсан дуу гараад явчихсан. Юу болсныг сайн мэдээгүй, тодруулахаар гарч харахад нэг согтуу байдалтай эмэгтэй орилж чарлан, манай нэг араб иргэнийг майжиж, зодож, цохиж байсан. Тэр эмэгтэй хүзүүг нь маажчихсан, хоёр гурван удаа нүүр рүү нь хүчтэй цохисон. Мэдээж хүн өөрийгөө хамгаална, тэр эмэгтэйг цааш нь түлхэхэд машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд баахан хүмүүс орж ирээд лайв хийгээд эхэлсэн. Монгол Улсад ирж байгаа булангийн орны арабууд тухайлбал, Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Катарын хүмүүс яг л Монгол Улсад мөрдөгдөж буй хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл бидний эрхэд яагаад ингэж шууд халдаж, бүдүүлгээр зөрчиж байгааг үнэхээр ойлгохгүй байна.  Одоо манай хоёр иргэний биеийн байдал маш тааруу байгаа. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдлоо гаргасан. Цаашид хэрхэн шийдэхийг мэдэхгүй байна, хуулийн хүрээнд явах байх. Нөгөө талаар орон нутгийн жирийн иргэд маань бидэнд маш муухайгаар хандах боллоо. Малчид маань биднийг газар нутгаасаа хөөж, чулуу хүртэл шидэж байна шүү дээ. 

-Тухайн өдөр болсон зүйлийг ер нь юунаас болсон гэж та таамаглаж байна вэ?

-Хэлэхэд үнэхээр хэцүү байна. Магадгүй орон нутгийн сонгуультай холбоотой байх гэж зарим хүн хэлсэн. Одоогоор бидэнтэй хамт 2000 орчим монгол залуучууд ажилладаг. Зарим нь олон жил хамтран ажилласан туршлагатай хүмүүс бий. Бидний шонхор агнах үйл ажиллагаа нэг ёсондоо танай улсад хийж байгаа  хөрөнгө оруулалт юм шүү дээ. Би бол тэгж л боддог. Арабууд Монголд ирээд шатахуун худалдаж авахаас эхлээд маш их хэмжээний худалдан авалт хийдэг. Залуучуудад цалин мөнгө өгдөг. Нэг хүнд гэхэд ойролцоогоор 1500 ам.долларын цалин өгнө. Нэг хэсэгтээ л тэд ар гэрээ хангалттай аваад явчих хэмжээний мөнгө гэж бодож байна. Мөн бид хүнсний бүтээгдэхүүнүүдээс эхлээд малчдаас малаа авч, сүү, тараг авдаг. Машин засвараас эхлээд л энэ бүхнийг нэг төрлийн хөрөнгө оруулалт гэж харж байгаа.

сонин mn

-Ер нь ямар хугацаагаар ирдэг вэ?

-Наймдугаар сарын дундаас эхлээд арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл шонхор агнах боломжтой байдаг. Гэхдээ цаанаас тогтоосон квотын дагуу шонхороо агнана. Сүүл рүүгээ нэлээд хүйтэрчихдэг учраас бараг л хугацаагаа дуусгаж чаддаггүй дээ.  Шонхор агнахад монгол ажилчид арабуудаас гурван дахин их тоогоор ажилладаг. Тухайлбал, 20 араб байлаа гэхэд 60 монгол ажилчин байдаг юм.

-Нууц биш бол энэ жил хэдэн квоттой ирсэн бэ. Ер нь 2015 оноос хойш шонхор агнах квотны тоо нэмэгдсэн үү?

-Албан ёсны зөвшөөрөл маш бага гардаг. Бид квотын тоо толгойнд л захирагдана. Ер нь квотын тоо хэвээр байгаа. 

-Та дээр бид Монгол Улсад нэг төрлийн хөрөнгө оруулалт хийж байна гэж ярилаа л даа.  Олон жил манай улсад иржээ. Хөрөнгө оруулалтын орчин хэр таатай байна гэж та харж байна?

-Араб, Монгол хоёр улс ах дүү шиг болчихсон, ерөнхийдөө эв найрамдалтай байдаг шүү дээ. Өнөөдөр бидэнд тулгараад байгаа асуудал бол түр зуурынх байх.  Кувейтын хувьд Монгол Улсад томоохон хэмжээний хөрөнгө оруулалтууд хийж байгаад баярлаж явдаг. Тухайлбал, Усан цахилгаан станц, Мянганы зам, Хэнтий аймагт том эмнэлэг барьж өгсөн санагдаж байна.  Тэгээд байгаль орчинд чиглэсэн Мазаалайн төслөөс эхлээд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Арабын Нэгдсэн Эмират улсын тухайд ч агаарын бохирдлын асуудалд хөрөнгө оруулсан, Шонхорын гүүр хийсэн гээд хөрөнгө оруулсан төсөл хөтөлбөр олон бий. 

-Одоогоор та бүхэнд тохиолдсон асуудлыг орон нутгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Та бүхэн төв байгууллага руугаа мэдэгдсэн үү. Ер нь шонхор агнах гэрээнд аливаа маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тусгасан байдаг юм бэ?

-Асуудал ер нь амаргүй болчихлоо. Одоо тэгээд хэн дуртай нь ирж бидэн рүү дайрч байна. Малчид хүрч ирээд бичиг баримт шалгах нь энүүхэнд. Цахим орчинд шүүлтүүргүйгээр биднийг загнаж, зүхэж байна. Шууд бичлэг лайв хийж бидний унтдаг ор, байрладаг газар ирж, эзэнгүй байхад нэвтэрч орж нэгжлэг хийж байна. Орж ирээд хүний данх шанагыг авч шидэж, биед халдаж байна. Бидэн дунд өндөр настай хүн ч байгаа. Тэднийг маань элэгдэж зодож байна. Албан ёсны зөвшөөрлөөр агнаж байгаа шонхорыг ирж хүчээр суллаж байна. Энэ чухам танай улсын хуульд нийцдэг үү. Би сайн мэдэхгүй байна. Бүх монголчууд ингэж аашлаад байгаа юм бас биш л дээ. Биднийг хүндэтгэж, эелдэг дотно харьцдаг хүмүүс бас бий. Бидний замд ийм л юм боллоо. Уг нь бид өөрсдийгөө монголд хууль ёсны дагуу ирсэн зочид гэж бодож байгаа. Одоо дахиад нэг сар хагасын хугацаанд Монголд байна. Эсэн мэнд харьчих юм сан л гэж бодох боллоо.

-Та шонхор агнах зан үйлийн талаар тайлбарлаад өгөөч. Зарим уншигч маань сайн мэдэхгүй байж магадгүй?

- Шонхор шувуу агнах бол Арабын ард түмний хувьд хобби нь юм. Барьсан шонхор шувуугаа бид янз бүрийн зүйлд ашигладаггүй. Монголчууд нум, сум харваж, моринд хайртай байдаг шиг бид ч ялгаагүй шонхортоо хайртай. Манай улсад яагаад шонхор шувуу ховор байдаг вэ гэвэл тэдний идэш тэжээл нь болох оготно, зурам байдаггүй юм. Одоо бид тагтаа, ногтруугаар урхи, занга тавих аргаар энэ шувууг агнадаг.  Өөрөөр хэлбэл, тагтаанд зөөлөн утсаар ороосон торыг угладаг, энэ нь шонхор барих гол арга. Шонхор бол нүүдлийн шувуу. Европ, туркууд ялгаагүй үржлийн шувуу болгож үржүүлдэг. Одоо Монголд ихэнх нь Оросоос нүүж ирж байна. Ингээд тав, зургаадугаар сард Монголд үржлийн үе нь болж өндөрлөөд, буцаад нүүдэг. Цаашлаад Хятадын Шинжианы нутгуудаар нүүдэллэдэг.  Гуравдугаар сард буцаад Орос руугаа ч юм уу нүүдэг дээ. Уг нь энэ шувуунд хайртай л бол эмзэглэх нэг чухал асуудал байна. Түүний хажууд бидний барьдаг 350 шонхор бол юу ч биш байна. Цахилгааны шонд цохиулаад үхэж байгаа хэдэн мянган шонхорыг хараад бид эмзэглэдэг. Бидний явсан газарт 100 орчим км газарт гэхэд л 100 шонхор үхчихсэн байна. Бид энэ талаар өөрсдийн шэйхүүдэд хэлсэн. Цахилгаан шонд цохиулаад үхэж байгаа шонхоруудын асуудлыг яаж шийдэх вэ, ямар арга хэмжээ авах уу, энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийхээр ярьж байгаа.

- Монголоос шонхор барихын онцлог нь юу вэ?

- Өвөрхангай аймгийн Тарагт суманд шонхорын иддэг амьтад элбэг, хоол тэжээл сайн байсан учраас тийшээ очсон. Мөн энэ жил Баянхонгорт бас хүмүүс яваа.

-Хамгийн сүүлд цагдаагийн алба хаагчдад авлига өгсөн асуудал яригдаж байна. Энэ юу болсон юм бэ?

-Ямар ч хээл хахуулийн асуудал болоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Эвдэрхий, тос нь гоожсон автомашиныг тээвэрлэх гэж очсон. Бас хар тамхи гээд яриад байгаа. Тэр чинь бүх оронд хүлээн зөвшөөрөгдсөн, нэг төрлийн тамхи л даа. Шинжилгээнд оруулсан ч болно. Монголд мэддэг хүмүүс нь хараад инээд нь хүрч байгаа байх.

-Та ирэх жил Монголд ирэх үү?

-Сая Өвөрхангайд тохиолдсон шиг зүйл гарах вий гэсэн айдас байна. Бүх зүйл хэвийн бол мэдээж ирэлгүй яах вэ. Монгол бол сайхан орон. Монголд маш их хайртай, ард түмэн нь зочломтгой сайхан хүмүүс байдаг.

 

Т.БАТСАЙХАН

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658348
1 эможи

keyboard_arrow_up