УБТЗ замчиддаа сар бүр 150,000 - 350,000 төгрөгийн нэмэгдэл олгохоор болжээ
Төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр хөдөлгөөний эрчимжилт ихсэж байгаа нь замын арчилгаа үйлчилгээг богино хугацаанд тогтмол хийж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлага тулгарч байна. Энэ хэрээр замын засвар үйлчилгээг хариуцдаг замчдын ажлын ачаалал нэмэгдэж байгаа учраас замчдын цалин хөлснийг нэмэгдүүлэх асуудал тулгарч байсныг УБТЗ-ын удирдлага шийдвэрлэлээ.
Өнгөрсөн хаврын замын даргын үзлэгээр “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн замчдын ажилтай газар дээр нь танилцаад замчдын цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлыг судалж танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.
УБТЗ-ын Замын аж ахуйн алба болон Төлөвлөлт, эдийн засгийн алба уг асуудлыг судалж үзээд замын тухайн хэсгийн ачаа тээврийн хэмжээтэй уялдуулан замчдад нэмэгдэл олгох журмыг боловсруулсныг 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх тухай УБТЗ-ын даргын тушаал гарлаа.
Энэ журмаар замчдын цалин хөлс 150,000-350,000 төгрөгөөр нэмэгдэнэ.