ХУУЛЧИД: Иргэн, хуулийн этгээд хоёрын бизнесийн харилцаа руу төр орж ирээд НДШ гэж авч байгаа нь өөрөө харгис татвар
Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээнээс НДШ авч байгааг эсэргүүцэж хуульч Ө.Эрдэнэ-Очир, эдийн засагч С.Баярхүү нар мэдээлэл хийлээ.
Тэд "Байнгын хөдөлмөрийн харилцаа цалингаасаа. Харин иргэн, хуулийн этгээд хоёрын бизнесийн харилцаа руу төр орж ирээд НДШ гэж авч байгаа нь өөрөө харгис татвар. Татварын хуультай ч зөрчилдөнө. Цаад утгаараа хувь иргэн өөрийн авьяас чадвараа ашиглаад орлого олох боломжийг нь шууд хааж байгаа. Ийм байдлаар яваад байвал хувь хүн иргэнийг компаниуд сонгохгүй шүү дээ. Иргэнийг сонговол НД-ын өрөнд орох учраас дандаа хуулийн этгээдийг сонгоно. Ингээд төр иргэнийгээ өөр өөрийнхөө амьдралыг аваад явах боломжийг хуулиараа хязгаарлаад, хясан боогдуулсан хуультай болчихсон. Үүнийг яаралтай өөрчлөх ёстой" гэв.
Мөн тэрбээр, 2025 оны төсөвт НДШ-ээс төвлөрүүлэх орлогыг 1 их наядаар нэмсэн нь бизнес эрхлэгч ААН-үүдийн нуруунд шууд дарамт болно гэдгийг онцлов.