Factcheck: “Эмэгтэйчүүдийн шээс задгайрахыг арилгах наалт” гэх бүтээгдэхүүн баталгаагүй
Ерөнхий агуулга:
“Lady poise нэртэй эмэгтэйчүүдийн нано наалт гэх бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр худалдааж байна” гэх агуулгатай бичлэг нийтэлжээ.
Баримт шалгалтын үр дүн:
Lady poise нэртэй наалт шээс задгайрахад үр дүнтэй талаар баталгаатай судалгаа илрээгүй бөгөөд Их Британийн давсагны эрүүл мэндийн төвөөс санал болгосон эмийн эмчилгээнд уг бүтээгдэхүүнийг дурдаагүй байна.
2023 оны арванхоёр дугаар сарын 28-ны өдөр 777 шоп хуудсаас “Lady poise нэртэй эмэгтэйчүүдийн нано наалт гэх бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр худалдааж байна” гэх агуулгатай бичлэг нийтэлжээ. Уг бүтээгдэхүүнийг эмэгтэйчүүдэд тулгардаг асуудлыг шийдэх үр дүнтэй бүтээгдэхүүн гэж тайлбарласан байна. Үүнд, шээс задгайрах, ойр ойрхон шээх, ханиаж найтаах үед шээс дусагнах, жирэмслэлт төрөлтөөс үүдэлтэй шээс дусагнах зовууриудад үр дүнтэй гэжээ. Энэхүү бичлэг 5400 реакц, 4200 сэтгэгдэл авч, 2400 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг бүтээгдэхүүнийг илрүүлэхийн тулд InVID хэрэглүүрийг ашиглан дүрсээр хайлт хийлээ. Хайлтын үр дүнд “Lady poise” нэртэй наалт илэрсэн. Тухайн бүтээгдэхүүний тайлбар хэсэгт ойр ойрхон шээх, давсгийн үрэвсэл зэргийг бууруулж, аарцгийн булчинг бэхжүүлэхэд туслах ургамлын гаралтай эрүүл мэндийн наалт гэж бичжээ. Гэвч уг бүтээгдэхүүний үр дүнгийн талаар батлагдсан судалгаа байхгүй байна.
Шээс задгайрах, ойр ойрхон шээх, шээс дусагнах, давсагны үрэвсэл зэрэг эмгэгийг эмчлэхийн тулд дан ганц наалтаар бус эмийн эмчилгээг, тусгай дасгалтай хослуулан хийх нь зохистойг мэргэжлийн хүмүүс мэдээлсэн. Мөн эмчийн үзлэг, эмгэгийн цар хүрээнээс хамаарч хагалгаа ч хийлгэх боломжтой байдаг гэнэ. Тухайлбал, АНУ-д төвтэй Маёо клиник эрүүл мэндийн мэдээлэл хүргэдэг сайтад шээс задгайрах талаар “Шээс задгайрах нь ойр ойрхон шээх, шээс дусагнах гэх мэт нь давсагт их хэмжээний шээсний үлдэгдэл байгаагаас үүсдэг. Энэ нь таны шээсний замын бөглөрөл эсвэл давсгийн мэдрэл, булчинд буй асуудалтай холбоотой” гэж нийтэлсэн. Мөн бие засах хугацааг уртасгах, давсгаа хоослох (шээсний дараа үлдэгдэл шээс гарах эсэхийг хүлээх), хоолны дэглэм барих, архи, кофейн эсвэл хүчиллэг хүнсний хэрэглээнээс татгалзах, шингэний хэрэглээг багасгах, жингээ хасах, дасгал хөдөлгөөн хийх зэрэг аргыг гэрийн нөхцөлд хэрэглэж, мэргэжлийн эмчид хандан цогц эмчилгээ хийлгэхийг зөвлөжээ.
Давсагны үрэвсэл, шээс задгайрах зэрэгт тусгай наалт нөлөөтэй юу?
Шээс задгайрах, дусагнах гэх мэт давсагны эрүүл мэндэд хэрэглэх боломжтой эмийн наалтыг Их Британийн давсагны эрүүл мэндийн төвөөс зөвлөсөн байдаг.
Уг төвөөс энэ төрлийн эмгэгт шаардлагатай эм, эмчилгээг зөвлөсний дотор оксибутинин бодис агуулсан наалтыг л дурдсан байна. Тэдгээр наалтын жагсаалтад шалгасан мэдээлэлд дурдсан Lady Poise нэртэй бүтээгдэхүүн багтаагүй.
Мөн шалгасан мэдээлэлд гарч буй Lade poise гэх бүтээгдэхүүний орц найрлагад хулууны үр, шисандра жимс, синнамон орсон бөгөөд давсагны үрэвсэлд шаардлагатай оксибутинин бодисыг агуулаагүй байна.
Оксибутинин нь АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас давсагны эмчилгээнд ашиглахыг зөвшөөрсөн антимускарин эмийн ангилалд багтдаг бодис юм. АНУ-ын Анагаах ухааны үндэсний номын сангаас “Оксибутинин нь арьсаар дамжин давсагны булчинг тайвшруулах замаар ажиллаж давсагны булчингууд агших, ойр ойрхон шээх, шээс дүлгэнэх зэргийг эмчлэхэд нөлөө үзүүлдэг ч бусад эм, эмчилгээгүйгээр өвчнийг бүрэн эдгээхгүй гэдгийг сануулжээ. Түүнээс гадна хүмүүсийн бие бялдраас шалтгаалан ам, нүд хуурайших, нүд бүрэлзэх, өтгөн хатах, дотор муухайрах зэрэг гаж нөлөө үзүүлж болзошгүйг сануулсан” байна.
Иймээс баталгаа, эх сурвалж тодорхойгүй онлайн дэлгүүрээс эрүүл мэндийн бараа худалдан авахаас зайлсхийгээрэй. Мөн аливаа өвчин, эмгэгийг мэргэжлийн эмчид үзүүлж хянуулан, зөвлөгөө авч тохирох эмийг эмчийн жороор авч хэрэглэх нь зүйтэй.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st
Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.
ЭХ СУРВАЛЖ, ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД
Шалгасан мэдээлэл:
Эх сурвалжууд:
- “Lady poise” наалтын тайлбар
- АНУ-д төвтэй Маёо клиник эрүүл мэндийн сайтын мэдээлэл
- Их Британийн давсгийн эрүүл мэндийн төвийн эм, эмчилгээний талаарх мэдээлэл
- АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны оксибутинин хэрэглээний зөвшөөрөл
- АНУ-ын Анагаах ухааны үндэсний номын сангаас гаргасан оксибутинины талаарх мэдээлэл