ГЕГ : Ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэдэг байсныг ЦАХИМД ШИЛЖҮҮЛНЭ
Гаалийн байгууллагын цахим шинэчлэлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид зориулж мэдүүлгүүдийг бүрэн цахимжуулаад байгаа билээ.
Тэгвэл Өнөөдөр /2024.11.19/ Улаанбаатар хот дахь Гаалийн газраас иргэд, аж ахуй нэгжүүдэд гаалийн үйлчилгээг цахимжуулж, түргэн шуурхай болгож буй талаар мэдээлэл өгөх "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг Материал импекс болон Техник Импорт дахь гаалийн хяналтын бүсүүдэд зохион байгуулжээ.
Өдөрлөгийн үеэр УБГГ-ын дарга Б.Сүхбаатар гаалийн бүрдүүлэлтүүд хэрхэн цахимжиж буй талаар танилцуулж, ирэх оны 1-р сарын 01-ээс эхлэн авто машины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэдэг байсныг цахимжуулж байгаа талаар мэдээлэл өгчээ.
Үүний үр дүнд импортлогч иргэн, ААН-үүд гаалийн мэдүүлгээ хэвлүүлж авах гэж дугаарлаж цаг алдахгүйгээс гадна АТҮТ-өөс гэрчилгээ авахаар очиход гаалийн мэдүүлэг цахимаар илгээгдсэн байх юм. Мөн гаалийн мэдүүлгийг хэвлэх шаардлагатай тохиолдолд E-Mongolia, ХУР-ДАН системээс өөрөө хэвлэх боломжтой аж.
2023 оны 11 сарын 15-ны байдлаар Улаанбаатар хот дахь гаалийн газар 150,342 гаалийн бүрдүүлэлт хийж байсан бол 2024 онд мөн 200,268 гаалийн бүрдүүлэлт хийгдсэн нь өмнөх оноос 25 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс суудлын авто машины бүрдүүлэлт 2023 онд 51.4 хувийг эзэлж байсан бол 2024 онд 57 хувийг эзэлж байна гэв.
Сонирхуулахад, гаалийн байгууллагын архив, болон импортлогчид зориулж нэг мэдүүлгийг 2 хувь хэвлэдэг гэж үзвэл цахимжсанаар жилд 1,8 тонн цаас хэмнэх тооцоо гарч байна.