Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын үүргээ нэр төртэй биелүүлж, хамт олноо манлайлсан алба хаагчдад Хууль зүй, Дотоод хэргийн яамны болон Цагдаагийн ерөнхий газрын цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2024.11.22/ боллоо.
Энэхүү ёслолын үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Тэргүүн Дэд дарга Ц.Ням-Очир, НЦУГ-ын дарга О.Ганбат, Дэд дарга Л.Мөнхзул болон зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцов.
Түүхт ойн өдрийг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган бусдыгаа манлайлан ажилласан Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагналаар 257, цагдаагийн байгууллагын шагналаар 283, хугацааны болон зэрэг дэв дээгүүр цолоор 340 алба хаагч шагнагдлаа.
ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч Т.Сүхболд хэлсэн үгэндээ “...Цагдаагийн төв байгууллагаас алба хаагчдын цолны цалингийн нэмэгдлийг шинэчлэн бусад төрийн цэргийн байгууллагуудын цолны нэмэгдлийн хэмжээтэй адилтгахаар Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулан батлуулахаар ажиллаж байгаа нь цолны үнэлэмжийг нэмэгдүүлэх, алба хаагчдын албандаа итгэх итгэл, үнэмшлийг төрүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, үүрэг хариуцлагыг сайжруулахад чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэж байна.
Цол бол гоёл биш, үүрэг хариуцлага, дадлага туршлага, мэргэшсэн байдлын тод илэрхийлэл гэдгийг дахин сануулахын зэрэгцээ төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, байгууллагын үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход шинэ санал, санаачилга гарган үр дүнтэй ажиллана гэдэгт илтгэлтэй байна...” хэмээв.