С.НЯМ-ЭРДЭНЭ: Тохирлын үнэлгээний байгууллагууд ЧАДАМЖАА НЭМЭГДҮҮЛСЭЭР байна
Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ болон удирдлагууд холбогдох стандартын шаардлага, шалгуураа ханган итгэмжлэгдэж байгаа болон хүрээгээ өргөтгөж байгаа тохирлын үнэлгээний байгууллагуудыг хүлээн авч уулзан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Энэ үеэр Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ хэлсэн үгэндээ "Байгууллагын үйл ажиллагаагаа стандартын шаардлагад нийцүүлэх ажлыг зохион байгуулах, нийцсэн эсэхээ нотлох, чадамжаа үнэлүүлэх нь амар хялбар зүйл биш бөгөөд нэг хүний, хэсэгхэн хүний хөдөлмөр бүтээлээр бүтдэг зүйл биш. Итгэмжлэлийн байгууллага нь цар хүрээгээ тэлэх, гадаад дотоодын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, чадамжаа нэмэгдүүлэх бодлогыг баримталж ажиллаж байна. Мөн ААН, та бүхэнтэй ойр ажиллах зорилгоор уулзалт, сургалтуудыг тогтмол зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлого, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээллийг өгч ажиллаж байна. Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж ажиллаж буй ААН, байгууллагууддаа талархал илэрхийлье. " гэдгийг энэ үеэр онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Сүнжидмаа:
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Лабораторын тасгийнхан маань хамт олныхоо хичээл зүтгэл, ажил хөдөлмөрөө үнэлүүлж Үндэсний Итгэмжлэлийн төвөөс MNS ISO 15189:2024 “Эрүүл мэндийн лаборатори-Чанар чадавхад тавих шаардлага” стандартын шаардлага хангасан анхны "ИТГЭМЖЛЭЛ"-ээ гардан авлаа. Итгэмжлэгдэнэ гэдэг нь бидний үзүүлж буй үйлчилгээний чанарын үзүүлэлт сайжирсныг илтгэж байгаа, цаашлаад ард иргэд маань манай эмнэлгээс тусламж, үйлчилгээ авахад бүрэн итгэлтэй байж болохыг илтгэх томоохон үнэлэмж гэж хэлж болно.
2021 онд Сонгинохайрхан дүүргийн "Жишиг Нэгдсэн төв" байгуулагдсан бөгөөд өнөөдөр 13 хэвтэн эмчлүүлэх тасаг, хоёр салбар амбулаторитой, 600 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Монос Хүнс ХК-ий Чанарын хяналтын лабораторийн эрхлэгч Б.Хулангоо:
Манай байгууллага иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжсэн хүнс үйлдвэрлэж, дотооддоо нийлүүлэхээс гадна гадны улс орнуудад экспортолдог. Тиймээс дотоод хяналтын лабораторид маш өндөр шалгуурууд тавигддаг. Тиймээс энэ тал дээр бид анхаарч ажилладаг. Бид 2021 онд Үндэсний итгэмжлэлийн төвөөс анхны итгэмжлэлээ авч байсан бол өнөөдөр давтан Итгэмжлэлээ авч байна. Үндэсний Итгэмжлэлийн төвөөс итгэмжлэлээ гардаж авснаар манай байгууллагын бүтээгдэхүүнүүд чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдэж байгаа гэдгийг нотолж байгаагийн нэг илрэл юм.
Энэ үеэр дараах шалгуур хангасан байгууллагуудад ИТГЭМЖЛЭЛ олгосон юм. Үүнд:
MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих шаардлага” стандартын шаардлага, шалгуураа хангасан
- "Монос хүнс" ХХК,
- "Дархан дулааны цахилгаан станц",
- "М Би Си Азиа Пасифик" ХХК,
- "Сойл трейд" ХХК,
MNS ISO 15189:2024 “Эрүүл мэндийн лаборатори-Чанар чадавхад тавих шаардлага” стандартын шаардлага хангасан;
- "Сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгийн лаборатори"
MNS ISO/IEC 17065:2013 “Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага” стандартын шаардлагыг хангасан;
- "Монсертф" ХХК /хүрээ өргөтгөсөн/
- "Мон майнинг сертификейшн" ХХК-нд тус тус Итгэмжлэлийн гэрчилгээ гардууллаа.
Итгэмжлэлийн талаар бусад холбогдох мэдээ, мэдээллийг www.mnas.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.