Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Классик пауэрлифтинг“-н аварга шалгаруулах тэмцээн ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Классик пауэрлифтинг”-ийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр (2024.12.06) эхэллээ.
Энэ удаагийн тэмцээнийг Цагдаагийн ерөнхий газар хариуцан зохион байгуулж байгаа аж. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Залуучууд, спортын бодлогын зөвлөх Д.Даваадорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоод цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, НЦУГ-ын дарга О.Ганбат, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, УЕПГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд болон бусад төрийн цэргийн хууль сахиулах байгууллагын удирдлагууд, тамирчид, алба хаагчдын төлөөлөл оролцлоо.
Тэмцээний үйл ажиллагааг нээж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоод цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд хэлсэн үгэндээ "Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн бодлого, үйл ажиллагааны "Эрүүл Монгол хүн" үндэсний хөтөлбөр, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагч нарын ёс зүй, бие бялдрын хөгжлийн сайжруулах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд олон ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил ЦЕГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд "Сонгодог пауэрлифтинг"-ийн анхдугаар тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Энэ удаагийн тэмцээнд 21 жинд 252 багц медалийн төлөө хурд хүч, тэсвэр тэвчээр, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх гэж байна. Өнөөдрийн тэмцээнд олон улсын спортын мастер 15, спортын мастер 10, дэд мастер 3 оролцож байгаа нь биеийн тамир, спортын туршлага, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, хамт олон, хувь хүний харилцаа, ёс зүйг дээшлүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулахад чухал ач холбогдол болж байна" гэдгийг онцоллоо.
Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат:
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах “Классик пауэрлифтинг”-ийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр болж байна. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Цагдаагийн Ерөнхий газар хамтран зохион байгуулж байна.
Энэ жилийн тэмцээнд 16 хууль, хүчний байгууллагын 250 гаруй тамирчид 250 гаруй багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд амжилт үзүүлсэн тамирчдаас додингийн шинжилгээ авах юм. Энэ удаагийн тэмцээнд эмэгтэй тамирчид их оролцож байна. Энэ нь залуучууд энэ төрлийн спортоор хичээллэх болсныг харуулж байна.
Тэмцээнд 16 байгууллагын тамирчид оролцож байгаа бөгөөд Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий Прокурорын газар, Шүүх шинжилгээний Ерөнхий газар, Батлан хамгаалах яам, Дотоодын цэргийн штаб, Зэвсэгт хүчний жанжин штаб гэх мэт төрийн цэргийн бүх байгууллагуудыг хамруулж байгаагаараа онцлог юм.