Д.Өлзийбат: Сайжруулсан түлш хэрэглэснээр утаа 50 хувь буурсан
Улсын онцгой комисс/УОК/-ын хуралдаан өнөөдөр /2024.12.17/ боллоо. Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар албаны хүмүүс мэдээлэл өглөө.
Энэ үеэр "Тавантолгой түлш" компанийн Ерөнхий технологич Д.Өлзийбат шахмал түлшний стандартын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Тавантолгой түлш компани 2019 оноос хойш Энержи ресурсын Ухаа худаг дээр байгаа уурхайн баяжуулах үйлдвэрээс угааж баяжуулсан нүүрсний засврын бүтээгдэхүүн болох мидлингийг ашиглаж байгаа. Энэ бүтээгдэхүүн өнөөдрийг хүртэл солигдоогүй. УКО-т зургаан жилийн хугацаанд хэрэглэсэн мидлинг болон шахмал түлш, орцын шинжилгээний дүнг танилцууллаа. Зургаан жилийн хугацаанд түлшний шинж чанар хэвээрээ байгаа. Бидний хэрэглэж байгаа түүхий эд өнөөдрийг хүртэл солигдоогүй.
Шахмал түлшний стандарт 2019 онд батлагдсан. Бүтээгдэхүүний чийг анх 10 хувь байсан, стандартыг чангаруулснаар чийгийн агууламжийг 6 хувь болгож, сайжруулсан. 2022 оноос өмнөх бүтээгдэхүүний чийглэгийн агууламж өндөр байсан, харин одоо 6 хувиас бага болж буурсан.
Түүхий нүүрсний дэгдэмхий бодис буюу тоосонцорын хэмжээ 54 хувьтай байсан бол одоо бидний ашиглаж байгаа мидлинг 22 хувиас бага байгаа.
Нүдэнд харагдаж байгаа утааны хэмжээ 50 хувиар буурсан нь эндээс шууд харагдана.
Хүхэрлэг хий, азотын исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ зэргийг нийслэлийн 19 цэгт байршдаг самбарт өдөр өдрөөр гарч байгаа." гэв.