Мөрдөн байцаах алба ирэх онд “ХҮНИЙ ЭРХ“-ийг хангах чиглэлд онцгойлон анхаарч ажиллана
Өнөөдөр /2024.12.20 / Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах алба 2024 оны тайлангийн хурлаа зохион байгуулж, хамт олноо манлайлан, мэргэжлээрээ тэргүүлж ажилласан алба хаагчдаа тодруулж, шагнаж урамшууллаа.
Тайлангийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат оролцож, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах нээн үг хэлсэн юм.
Уг хуралдаанд танхим болон цахимаар 421 алба хаагч оролцож, 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүн, ололт, амжилтыг дүгнэж байна.
Энэ үеэр Мөрдөн байцаах албаны дарга П.Очбадрах "Удирдлагын багийн зүгээс бид цаашид иргэд, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, ая тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, автомашин, техник хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана" гэдгээ онцлов.
Мөн энэ үеэр тус албаны
- “Тэргүүний хамт олон”-оор Цагдаагийн дэд хурандаа Г.Хатанзориг даргатай Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн хамт олон,
- “Ажил мэргэжлийн аварга удирдах алба хаагч”-аар Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Дашцэрэн
- Мөрдөн байцаах албаны “Ажил мэргэжлийн аварга мөрдөгч”-өөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Долгорсүрэн, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Энхтөгөлдөр, ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Балжинням, Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Хүрэлтулга,
- “Ажил мэргэжлийн аварга алба хаагч”-аар Мөрдөн байцаах албаны Захиргааны удирдлагын хэлтсийн аж ахуйн ажилтан, цагдаагийн дэслэгч Н.Аюуш нар тус тус шалгарлаа.