ЦЕГ-ын “Зөрчлийн хэрэг бүртгэх алба“ 2024 онд дэвшүүлсэн зорилтоо 93,3 хувьтай биелүүллээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын отгон алба болох Зөрчлийн хэрэг бүртгэх албаны нийт бие бүрэлдэхүүн 2024 онд дэвшүүлсэн зорилтоо биелүүлж, ажлын гүйцэтгэл, үр дүнгээ дүгнэж, тайлангийн хурлаа өнөөдөр зохион байгууллаа.
Тайлангийн хуралд ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны дарга Э.Товуудорж тэргүүтэй алба хаагчид оролцлоо.
Хурлыг нээж ЦЕГ-ын дарга, бригадын генерал Т.Сүхболд хэлсэн үгэндээ "Төрийн үйлчилгээнд чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед хэргийн бүрдлийг бүрэн, шуурхай хангахаар “Е-Mongolia.mn” нэгдсэн системээс 72 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг цахимаар авч, алба хаагчдын ажил, ачаалал, цаг хугацааг хэмнэсэн.
Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийн биелэлтийг хангуулахаар аргачлал, журмыг батлуулсан, харьяаллын бус гомдол, мэдээллийг шийдвэрлэхэд Нийслэлийн прокурорын газар болон зөрчил шалгах эрх бүхий 14 байгууллагатай хамтран сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулан хуулийг нэг мөр шуурхай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдэж, хүний эрхийг хангасан ололттой жил байлаа.
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор цагдаагийн төв байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл, үр бүтээл, онцгой амжилт гарган ажилласан 53 алба хаагчид мөнгөн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснээс тус албанаас 2 алба хаагч хамрагдсан.
Өнгөрч буй онд Зөрчлийн хэрэг бүртгэх албаны хэмжээнд ажлын гүйцэтгэл, үр дүн, амжилт, гавьяагаараа үнэлэгдсэн нийт 73 алба хаагчийг шагнаж, 1 алба хаагчийг хугацааны өмнө, 23 алба хаагч хугацааны цагдаагийн цолоор шагнасан." хэмээлээ.
ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны дарга Э.Товуудорж:
Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа дуудлага, гомдол, мэдээлэл тасралтгүй өсөж байгаатай холбогдуулан бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, түүний харьяа нэгжүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэх, эрх бүхий алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлж, ажлын шуурхай байдлыг хангах хэрэгцээ, шаардлагаар Зөрчлийн хэрэг бүртгэх албыг “Хэрэг бүртгэх алба” болгон өргөжүүлсэн.
Хуулиар олгогдсон үндсэн чиг үүргийн нэг чиглэл болох зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж буй эрх бүхий алба хаагчид Та бүх 2025 ондоо үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хангаж, ил тод, хуульч шуурхай ажиллагааг хэвшүүлж, алба хаагчийн сахилга, хариуцлага, ёс зүйг баримталж ажиллана гэдэгт итгэж байна.
Зөрчлийн хэрэг бүртгэх албаны нийт бие бүрэлдэхүүн Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2024 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангаж, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ 93.3 хувьтай буюу “Маш сайн” үнэлгээ дүгнэгдсэн талаар энэ үеэр дурдаж байлаа.
Тус хуралд танхимаар 112, цахимаар 39 алба хаагч оролцжээ.