Монгол улс, ОХУ-ын Үндэсний Итгэмжлэлийн байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдаан Москва хотноо амжилтай болж өндөрлөлөө.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлийн олон талт асуудлуудыг хэлэлцэхээр Монголын талаас Засгийн газрын холбогдох яам, газруудаас гадна банк, санхүү, цахим худалдаа, боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, бизнесийн зэрэг олон салбарыг хамарсан нийт 60 орчим төлөөлөгч оролцлоо.
Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын дарга Шадар сайд С.Амарсайхан, комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов сайдтай өргөтгөсөн хэлэлцээ хийж, хоёр улсын харилцааны өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэн, олон чухал асуудлуудад харилцан тохиролцоонд хүрлээ.
Хоёр орны Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдааны бүрэлдэхүүнд Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ холбогдох албан хаагчдын хамтаар ажилласан бөгөөд хил дамнасан Итгэмжлэлийн асуудал, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, худалдаан дахь техникийн саад тотгорыг бууруулах зэрэг тохирлын үнэлгээний итгэмжлэл тойрсон асуудлуудаар Оросын Итгэмжлэлийн байгууллагын дарга холбогдох албан хаагчидтай өргөтгөсөн уулзалт хийлээ.
Хуралдааны төгсгөлд хоёр орны Итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр Протоколд гарын үсэг зурлаа.
Хоёр орны худалдаан дахь техникийн саад тотгорыг багасгах асуудлыг шийдвэрлэхэд Итгэмжлэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй юм.