П.ЦАГААН, Ц.ЭЛБЭГДОРЖ нарыг баривчлах захирамжийг хүчингүй болгуулах саналыг шүүх хүлээн авчээ
Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авчээ.
Нийслэлийн Прокурорын газраас Прокурорын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.6 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасныг удирдлага болгон сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЗ/101, 2024/ШЗ/100 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 12 цаг 10 минутанд хүлээн авч 2025 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 9 цагт хянан хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар мөрдөгч саналаа, өмгөөлөгч хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлснийг Нийслэлийн прокурор хүлээн авч үндэслэлтэй гэж үзэн хуульд заасан журмын дагуу шүүхэд саналаа ирүүлсэн байна.
Шүүх Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай санал, мөрдөгчийн санал, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын гаргасан хүсэлт, тайлбар, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудтай танилцаад Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүхэд ирүүлсэн санал, мөрдөгчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/101, 2024/ШЗ/100 дугаартай “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжуудийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Тойм бичсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Олзод