ШУУРХАЙ: Найз охиноо удаа дараа зодсон иргэн Ж-г баривчилж, шалгаж байна
Цахим орчинд найз залуудаа удаа дараа зодуулж, бие махбодь болоод сэтгэлзүйн хувьд хүчирхийлэлд өртсөн нэгэн эмэгтэй талаар мэдээлэл гарсан.
Тэгвэл тухайн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "Манай дүүг найз залуу нь зодсон байна" гэх дуудлага мэдээллийг ирүүлсэн. Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагааг явуулж, холбогдогч Ж гэгчийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баривчлан иргэн Э-н биед халдсан, амь насанд заналхийлсэн зэрэг үйлдлүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Мөн иргэн Ж-д 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.