Халаасны хулгайн гэмт хэргийн хохирогчдын 82.5 хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж байна
Нийслэл хотын хэмжээнд 2024 онд 1330 удаагийн халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж, цагдаагийн байгууллагад шалгагдсан байна.
Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж, хохирч байгаа иргэдийн 816 буюу 61.3 хувь нь эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхэд 213 буюу 21.2 хувийг эзэлж байна. Үүнээс үзвэл энэ төрлийн гэмт хэрэг үйлдэг этгээдүүд зонхилон эмэгтэйчүүд, оюутан, сурагчдыг сонгож байгаа нь биеэ хамгаалах чадваргүй, анхаарал сул, эсэргүүцэл бага зэрэг гэж дүгнэн тус гэмт хэргийг үйлдэж байна.
Дээрх гэмт хэргийн үйлдлийн цагийг авч үзвэл 06:00-20:00 цагийн хооронд автобусны буудал болон түүний ойр орчим, нийтийн тээвэрт гар утсаа алдсан тохиолдол 607 буюу нийт гэмт хэргийн 45.5 хувийг эзэлж байна.
Халаасны хулгайлах гэмт хэргийн 93.5 хувийг гар утасны хулгай, үлдсэн хувийг хэтэвч, зөөврийн компьютер, гэрэл зургийн аппарат болон бусад эд зүйл эзэлж байна.
Сар шинийн баяр дөхөж буй энэ цаг үед томоохон худалдааны төв, зах, үйлчилгээний төв, гудамж талбай, нийтийн тээвэрт олон нийтийн хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнийг дагаад халаасны хулгайч нар мөн адил идэвхжиж эхэлдэг. Иймд нийтийн тээвэр, томоохон зах, худалдааны төв, сүлжээний дэлгүүр, хүн ихтэй газруудаар явахдаа халаасны хулгайчаас болгоомжлон халаас болон цүнхэнд дэх эд зүйлсээ анхаарал болгоомжтой авч явахыг сануулж байна.