“Уяачид хоёр төрлийн роботоос сонгоод морио унуулах боломжийг наадмаас өмнө бэлэн болгоно“
ШУТИС, DX Mongolia хамтран сансрын технологи, роботын чиглэлээр Nabar & Nakarai Lab байгуулах болжээ. Талууд хамтран олон судалгаа, бодит ажлууд хийхийн нэг нь Хоньчин робот төсөл юм байна. Мөн уралдааны морины унаач роботыг хийж эхэлжээ.
Энэ талаар Төслийг санаачлагч, NeSTRA судлаач Ц.Нандинбаатар өөрийн цахим хуудаснаа "Нийтэд зарлахыг түр хүлээж байсан боловч, цаг үеийн байдалтай холбоотойгоор зарлахаар шийдлээ.
ШУТИС болон DX Mongolia-ийн хамтран ажиллах гэрээний хүрээнд бид сансрын технологи, роботын чиглэлээр Nabar & Nakarai Lab гэдгийг байгуулахаар болсон юм. Энэхүү ажлын хүрээнд олон янзын судалгаа, бодит ажлууд хийгдэхийн нэг нь Хоньчин Робот төслийн хүрээнд, уралдааны морины унаач Роботыг хийж эхлээд байгаа юм. Бидний зорилт 2025 оны Наадам-аар Роботоо ашиглан уралдахыг зорьж байлаа.
Бидний зүгээс үндэсний өв соёлоо дээдлэхийг эрхэмлэн үзэхийн зэрэгцээ, хүүхдийн эрхийг ч хамгаалж, мөн орчин цагийн технологитой хөл нийлүүлэн алхахыг зорилгоо болгодог. Тиймээс цаг уурын хүнд нөхцөл гэх мэтээр онцгой нөхцөлд Робот унаачийн хэрэглээг нэвтрүүлэх нь чухал билээ.
Өөрөөр хэлбэл өвлийн хүнд нөхцөлд Робот унаачийг түлхүү хэрэглэснээр, өвлийн цагт ч уламжлал болсон хурдан морины уралдааныг бид үргэлжлүүлэх боломжтой болох билээ.
Шаардлагатай тохиолдолд бид бүхэн өвлийн уралдаанд 2 төрлийн Робот Унаачаар Уяачдыг хангах боломжтой байгаагаа дуулгахад таатай байна.
Хурдан морины уралдаан, уяачдын холбоо, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага болоод технологийн хөгжлийг нэвтрүүлэгчид бид хамтран ажиллах бүрэн боломжтой билээ. Бид хамтдаа хүчтэй." гэжээ.








