Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын “Мөнгө угаасан, бусдыг залилсан“ гэх хэргийг өнөөдөр шүүнэ
УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзан Батбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан гэх хэрэгт холбогдож хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа билээ.
Тэдэнд холбогдох хэргийг хамгийн сүүлд 2023 оны аравдугаар сарын 04-ний өдөр Улсын дээд шүүх хэлэлцэх эсэхийг хэлэлцээд тус хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэхээс татгалзсан байдаг. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж, эдгээр нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон юм.
Улмаар УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзан Батбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нарын нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэхээр товлосон.
Дээрх нэр бүхий шүүгдэгчид хувийн баталгаа гаргах, барьцаа авах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа аж.








