Тэд хэнээс ч юм “П.Батчулуун эмчийг гаргаад өгөөч“ гэж гуйлаа...
Эрүүл мэндийн салбарынхантай, эмч, мэргэжилтнүүдтэй дотносоод багагүй хугацааг өнгөрүүллээ. Хэдэн эмч нар маань биднийг муухан гэж гололгүй дуудаад л "Бид ийм технологи нэвтрүүллээ, тийм эмчилгээг эхлүүллээ, Монгол Улсдаа анх удаа..." гэж ирээд л нүднээс нь оч үсрэх нь холгүй л хуучилж, мэдээлэл тавиулдагсан.
Гэтэл тэд өнөөдөр өөр шалтгаанаар биднийг дуудлаа. Дуудах, дуудахдаа дуу хоолой нь цаашаа орчихсон, биднээс аврал эрэх мэт л харцтай угтлаа.
Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт Элэг шилжүүлэн суулгах баг анх 2009 онд байгуулагдаж, анхны мэс заслаа 14 жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр БНСУ-ын Асан анагаах ухааны их сургуулийн элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонтой хийж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд тус хамт олон олон олон шинэ технологийг нэвтрүүлж, 300 гаруй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн. Монгол Улсдаа анх удаа элэг шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэх мөчөөс эхлэн О.Сэргэлэн, П.Батчулуун гэх хоёр эмч нэг ч хором холдоогүй гэж хэлэхэд болно. Энэ эмчилгээг нэвтрүүлэх хүний алтан амийг аврахын төлөө бүхнээ л зориулсан хоёр. Гэтэл өнөөдөр П.Батчулуун эмч "Хэн нэгэн аавын хүүгийн амийг аврахын төлөө явахдаа төмөр торны цаана орчихов." Хэн ч ингэнэ гэж санах билээ.
Миний бие өмнө нь азтай учралаар ч гэх үү УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийнхантай хамт "Элэг шилжүүлэн суулгах 100, 200 дахь мэс засал"-д орж мэдээ бэлтгэж байв. Тэр болгондоо Төрийн соёрхолт, Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулууны нэрийг тэргүүн эгнээнд бичдэг байв. Харин энэ онд түүнтэй уулзаж чадсангүй. Багийнхан нь "Элэг шилжүүлэн суулгах 300 дахь мэс заслаа хийхдээ" бүгд түүнийг санагалзсан бизээ.
Гэтэл тэд өнөөдөр толгойгоо гудайлган, хоолойгоо зангируулан хэнээс ч юм "П.Батчулуун эмчийг гаргаад өгөөч" гэж гуйлаа...
Төрийн соёрхолт, МУ-ын Хүний гавьяат эмч П.БАТЧУЛУУНЫ ач, гавьяагаар тархины үхэлтэй 31 донороос эрхтэн шилжүүлэн суулгуулсан 100 орчим хүн гэр бүлийнхэнтэйгээ үлдэж, мөн тооны өвчтөн амьдралын чанараа сайжруулжээ.
Бахархам санагдах ч хэвлэлийн хуралд суухдаа давчидсаар байгаад л гарч ирэв... Арай ч дээ л гэх бодол гол зураад, өөрийн эрхгүй өмрөөд, эмчийгээ өмөөрсөөр байгаад л гарч ирлээ.








