АШУҮИС: Оюутнууд “Туршилтын мэс заслын төв“-тэй болсноор сурах хугацаандаа мэс засалд мэргэших боломжтой болно
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн салбар сургуульд "Туршилтын мэс заслын төв" нээлтээ хийлээ.
АШУҮИС-ийн мэс заслын тэнхимийн 80 жилийн ой тохиолдуулсан уг үйл ажиллагааны үеэр гахай дээр элэг тайрах, ясны бэртэл гэмтлийг эмчлэх туршилын мэс заслыг хийж үзүүллээ. Оюутнуудыг дуураймал орчинд дадлагажуулах, эрхтэн шилжүүлэн суулгахад суурь орчныг нь бүрдүүлэхэд тус төв чухал үүрэгтэй бөгөөд цаашид олон улсын стандартад нийцсэн туршилтын төвд оюутнууд суралцах юм.
Тус төвийг нээж, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж хэлсэн үгэндээ "АШУҮИС нь чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхийн тулд төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах бүх түвшний сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, улсын хэмжээнд нэгдсэн хөтөлбөр стандарттай, сургалтын чанар технологийг шинэ түвшинд зохион байгуулах ажлыг эхлүүлээд явж байна. Энэ хүрээнд "Туршилтын мэс заслын төв"-ийг өнөөдөр ашиглалтад оруулж байна." гэдгийг энэ үеэр онцоллоо.
Амьтны мэс засал дээр мэс засал хийгээд дадлагажвал мэс заслын хүндрэлийг бууруулах, өвчтөний амьдралын чанарыг нэмэгдүүлэх, эмнэлгийн санхүүг хэмнэх зэрэг маш олон давуу талтайг энэ үеэр багш, сурагчид хэлж байлаа.








