Ч.Чимидсүрэн: Монголын татварын алба татвар төлөгчид зөвлөгөө өгдөг туслагч нь байна
Монголын татварын алба 2025 онд татвар төлөгчид ээлтэй, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж “Зөвлөн туслагч татварын алба” болох зорилт тавьжээ. Энэ тухай Татварын ерөнхий газрын дарга, доктор /Ph.D/ Ч.Чимидсүрэнгээс тодрууллаа.
-Монголын татварын албаны 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэвэл ямар үр дүнтэй ажилласан бэ?
-Сангийн яамнаас манай албаны 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг 94.6 хувиар үнэлсэн. Төсвийн орлого бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд 2024 онд татварын алба улсын төсөвт 12,2 их наяд, орон нутгийн төсөвт 5,7 их наяд, нийт 17,9 их наяд төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөний гүйцэтгэл 110 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ нь Монгол Улсын нийт төсвийн орлогын 58 хувийг эзэлж байна. Мөн татварын албаны 2021-2024 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилт 93.09 оноо буюу маш сайн хэрэгжсэн үнэлгээтэй гарсан.
-Харин 2025 онд Монголын татварын албаны онцлох ажлуудаас дурдвал Та юуг онцлох вэ?
-2025 он бидний хувьд томоохон ажил өрнүүлсэн жил байх болно. Тухайлбал, Татварын хуулийн багц шинэчлэл, Монголын татварын албаны 2025-2028 оны стратеги төлөвлөгөө, Олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн хэд хэдэн үүргийг хэрэгжүүлэх багц асуудал, Цахим татварын албаны хөгжүүлэлтийн асуудал, Төсвийн орлогыг бүрдүүлэх томоохон төлөвлөгөөт даалгаврыг дурдаж болно.
Татварын хуулийн томоохон шинэчлэлийг сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд 3 удаа хийсэн гэж болно. 1990-1992 онд татварын гол хуулиудыг баталж эрх зүйн суурь орчин, 2007 онд татварын дөрвөн 10-ын тогтолцоог бүрдүүлж, 2019 онд бизнес эрхлэгчдээ дэмжсэн хуулийн багц шинэчлэл хийсэн.
2024 онд УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд татварын албаны үйл ажиллагаатай танилцаж, татварын хуулийн шинэчлэлийг иргэд, олон нийт, татвар төлөгчдийн саналд тулгуурлаж хийхийг чиглэл болгосны дагуу Засгийн газар, Сангийн яамтай хамтран ажиллаж байна.
Татварын багц хуулийн шинэчлэлийн ажлыг 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн улс орон даяар 187 удаагийн татварын хуулийн санал асуулга, хэлэлцүүлгийг өрнүүлж 12,900 татвар төлөгчийг хамруулан, цахимаар болон албан бичгээр 176,059 санал авч нэгтгэн, Сангийн яамтай хамтран Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэлээ.
Энэ удаагийн шинэчлэлийн зорилго нь
- Иргэд, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, татварын дорвитой хөнгөлөлтийг үзүүлж иргэдийн татварын ачааллыг бууруулах,
- Татвар төлөгчийн тогтвортой үйл ажиллагаа явуулах, хуримтлал үүсгэх, өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын татварын ачааллыг бууруулах,
- Татварын алба татвар төлөгчдөд зөвлөн, тусалдаг, татварын эрсдэлээс урьдчилан сэргийлдэг тогтолцоо руу шилжих,
- Бүсчилсэн татварын бодлого хэрэгжүүлж, татвар төлөгчид ногдуулах орлогыг татварын хувь хэмжээг бие даан шийдвэрлэх боломж олгож төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх боломжийг олгоход чиглэсэн.
Хоёрдугаарт, татварын албаны 2025-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн эхний жил байх болно. Бид татвар төлөгчдөөс татварын албаны үйл ажиллагаанд өгсөн санал дүгнэлт, олон улсын байгууллагаас татварын албыг үнэлсэн үнэлгээ, зөвлөхүүдийн зөвлөмж, татварын багц хуулийн шинэчлэлийн хандлага зэрэгт тулгуурлан дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж баталлаа.
Монголын татварын алба татвар төлөгчид ээлтэй, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж, зөвлөн туслагч татварын алба болох гол зорилт тавин ажиллана.
Татварын албаны хуулиар хүлээсэн үндсэн 3 чиг үүргийн нэг болох “татвар төлөгчийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах” үйл ажиллагааг ерөнхий агуулгаас гадна татвар төлөгчийн үйл ажиллагааны чиглэл, салбарын ангилал, хэрэгцээ шаардлагад нийцсэн, өөрөөр хэлбэл зорилтот бүлэгт чиглэсэн агуулгаар зохион байгуулна.
Монголын татварын алба татвар төлөгчид зөвлөдөг туслагч нь, татвар төлөгчийг эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд татварын бодлого баригч, хууль тогтоогч болон татвар төлөгчдийн дундах гүүр болж ажиллана. Иймээс татварын хуулийн тэгш, шударга, нийцтэй байдалд судалгаа хийж татвар төлөгчдийн санал хүсэлтийг сонсож, татварын хуульд зайлшгүй шаардлагатай өөрчлөлтийг тухай бүрт нь шийдвэрлүүлж ажиллана.
Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, хялбар байх шийдлийг бий болгож, татварын албаны үйл ажиллагаа бүрийг нээлттэй, шударга, ил тод байлгахад анхаарна.
Стратеги төлөвлөгөөнд бодлого судалгаа, сургалт зөвлөгөө, чанарын хяналт, цахим хяналт шалгалт, маргааныг урьдчилан хэлэлцэх, цахим болон хүний хөгжил, татвар төлөгч иргэний асуудал хариуцсан нэгжүүд ч ажиллах асуудлыг тусгасан.
Гуравдугаарт, Олон улсын дүрмээр татварын алба тоглох буюу үйл ажиллагаагаа нийцүүлж ажиллана. Энэ хүрээнд өмнө нэгдэж орсон олон улсын конвенц, дүрмээс гадна энэ онд нэгдэж орсноо баталгаажуулж гарын үсэг зурсан олон талт гэрээ хэлцлийг хэрэгжүүлнэ.
Дэлхий даяараа ил тод байхыг зорьж, татвараас зайлсхийхийн эсрэг хамтдаа тэмцэж өөрт байгаа мэдээллээ бусад улстай хуваалцах үүрэгтэй олон талт хэлэлцээрт нэгдсэн. Монгол Улс Франц Улсын Парис хот дахь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын төв байранд 2025 оны 3 дугаар сарын 6-нд “Санхүүгийн дансны мэдээллийг автоматаар харилцан солилцох олон талт эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр” (CRS MCAA) болон “Улс бүрээр тайлан солилцох эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр” (CbCR MCAA)-т гарын үсэг зурсан нь олон улсын татварын стандартыг хэрэгжүүлэх, шударга татварын тогтолцоог бэхжүүлэх, системийн аюулгүй байдлыг хангах, татварын орлогоо хамгаалах чиглэлд хийж буй чухал ажлын эхлэл боллоо.
Татварын алба олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлээр ажиллахаас гадна Монголын татвар төлөгчдийн сэтгэлгээнд тохирох арга ажиллагааг шинээр эрэлхийлэн нэвтрүүлнэ.
Дөрөвдүгээрт, Цахим татварын албаны хөгжүүлэлтийн асуудлын хүрээнд татвар төлөгчдийг татварын хууль сайн дураар мөрдөх ажиллагаанд туслан дэмжиж, зөвлөгөө өгч ажиллахын зэрэгцээ хиймэл оюун ухаан, технологийг нэвтрүүлсний үндсэн дээр татвараас зайлсхийгч, зугтагчдыг илрүүлэх, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, хариуцлага оновчтой ногдуулан, шударга байдлыг тогтооно.
Татварын сургалт, зөвлөгөө мэдээллийг хиймэл оюун ухаанд суурилан хийнэ. Албаны хэмжээнд байгаа их өгөгдөлд суурилан татвар төлөгчийн гол мэдээ тайланг цахимаар бэлтгэн татвар төлөгч баталгаажуулах ажлыг өргөтгөн ажиллах, татварын хяналт шалгалтыг цахим хэлбэрээр хийх зэрэг ажлыг тодотгож болно. Мөн цахим систем, мэдээллийн аюулгүй байдалд анхаарахаар төлөвлөсөн.
Тавдугаарт, батлагдсан төсвийн орлогоо биелүүлнэ. 2025 онд бид 21,406.6 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрүүлэх томоохон даалгавартай ажиллаж байна.
Татварын багц хуулийн шинэчлэлээр татвар төлөгчдийн ачааллыг бууруулах боловч татварын бааз суурийг өргөтгөх, ачааллыг багасгаж сайн дураар татвараа тайлагнаж төлөх, ил тод нээлттэй, шударга, цахим, хялбар, жигд татвар төлснөөр орлогын төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой гэж үзэж байна.








