Жолооч нарт хамгийн аюултай орны 12 дугаарт манайх орж байна
193 оронд хийсэн судалгаагаар жолооч нарт хамгийн аюултай орны жагсаалтад манай орон 12 дугаарт жагсчээ.
Сүүлийн 10 жилд автомашины хийц, аюулгүй байдлын тоног төхөөрөж улам сайжирч хамгаалалтын бүс, аюулгүйн дэр, хяналтын цахилгаан төхөөрөмж зэрэгтэй болсон нь машин жолоодоход аюулаас урьдчилан сэргийлдэг болсон.
Үүнийг өндөр хөгжилтэй орнуудад сүүлийн таван жилд авто ослын тоо, ослын улмаас бэртэж гэмтэх, амиа алдах явдал багасч байгаагаар тайлбарлаж болно.
Дэлхийн дунджаар авто ослын улмаас нас барж байгаа хүн нь 100 мянган хүн тутамд 18 оногддог байна.
1970-аад онд бол жолооч нарт хамгийн аюултай орны тэргүүн эгнээнд АНУ явдаг байсан бол одоо энэ тухай ярих ч хэрэггүй болсон гэж болно.
АНУ-ын Мичиганы их сургуулийн дэргэдэх Тээврийн судалгааны санаачлагчид “Дэлхийн 193 орон дахь авто ослын улмаас нас барах явдал” гэсэн судалгааг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагатай хамтран гаргаснаа нийтэд дэлгэжээ.