Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Цирк тойрсон цэцэрхэл

2014 оны 3 сарын 13

Хорвоод 20 жил амьдрахдаа цирк үзээгүй залуу байна. 20 жилд байнга циркид очсон ч сүүлийн 10 жил циркийг зорих шаардлагагүй болсон хүмүүс ч байна. Циркэд цирк тоглох нь ховордсон тул очих хэрэггүй болсон гэж тэд учирладаг. Зарим нь цирк дотор чинь цирк нь байгаа юм уу гэж цаашлуулж байдаг. Цирк нь байгаа бөгөөд бүх үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байхад гэж циркийн эзэн их аварга Д.Дагвадорж өчигдөр загнах, бачуурах хоёрын завсар сэтгүүлч нарт үг хаялаа. О.Магнай гэж шантаажчин өөрийг нь оролдоод байгаа гэнэ.

 

Зүгээр нэг гуанз хувьчлаад авчихаагүй монголын бүхэл бүтэн бие даасан том урлагийн газрыг байр, обьектийн хамт авсан болохоор сайн муу үг, зөвлөмж санамж сонсох нь байх л зүйл юм. Энэ бол хэн хэн нь дөвийлгөөд байх, хэрүүл болгох хэмжээний яриа бус. Гэрээнд хүлээсэн үүргийн дагуу зориулалт чиглэлээр нь үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог хангаж ажиллах ёстой. Энэ үүргээ сайн биелүүлж байгаа гэж аварга мэдэгдэж байна. Циркийн сайн, мууг жирийн иргэд үзэгчид нь үнэлэх бол ямар дүн тавихыг хэлж чадахгүй ч сайн гэж хэлэхэд хэцүү л байх юм. Киноны эсвэл циркийн тоглолтын зурагт хуудас хоёрын алин олон харагддаг вэ гэсэн наад захын дүр зургийг буулгахад цирк маань бидэнд хэр ойр байгаа харуулж өгнө. Хүмүүс хэдэн морь мал, баавгай нь хаачсан бэ гэж нэг их асуухгүй юм. Цирк маань яагаад цирк шиг ажиллахгүй байна. Сурагчдын амралтаар, жуулчдын оргил цагаар цирк яагаад хаалттай байгаад байдаг юм бэ. Циркийн тоглолтыг зарлаад сурталчлаад байгаа зүйл огт харагдахгүй байна. Цирк дотор цирк нь байна уу гэж л асуух юм. Үүнд хариулт болгож “бид 2013 онд гэхэд л 82 удаа дотооддоо тоглосон, гадаадад 200 гаруй тоглолт хийсэн” гэж циркийн найруулагч нь хэллээ. Жилдээ 82 удаа тоглочихоод байхад нь хүмүүс циркийг амьгүй байна, алга болсонтой адил байна гэж дүгнэсээр байгаад АСА-гийнхан дүгнэлт хийх ёстой. Энэ бол бүх л бүтэн байр обьект, урлагийн бааз уран бүтээлчидтэй хэрнээ нот, клипнээс өөр юу ч үгүй мөртлөө од болчихоод байгаа хэдэн зохиолын дуучдаас л дор менежменттэй явж байгааг харуулж байгаа юм.

Цирк гэдэг бөмбөгөр оройтын галыг нь асааж өдий зэрэгтээ яваад нь аваргад илгээх талархал байгаа ч циркийг циркээр нь үзэж, алтан манежинд нь алга ташилт, амьд цэцэг шидэх гэсэн үзэгчдийн хүсэл нөгөө талд нь боогдоод байгаа нь бодитой юм. Хүмүүс циркээ үзэж энэ байшинд орж гарч баймаар байна. Ингэх нь Дагвадорж гэж хүнээс хамаардаг болчихоод байгаа нь ч үнэн.

Эрх зүйн талаасаа ШӨХТГ циркийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шаардлага хүргүүлэх үндэслэлтэй. ШӨХТГ-ын шалгалт шаардлага хууль зөрчсөн бол асуудлыг тэр шугамаар нь тавих ёстой. Магнай дарга ч хувийн захиагаа задалж байгаа мэт албаны гэрээ бичгийг твиттер энэ тэрээр нээж байх нь Төрийн хүн талаасаа хэр зохимжтой байдаг юм бол.

Их аваргын өөрийнх нь хэлснээр Магнай дарга ажлаа хийж байгаа хүн рүү дайрснаар  циркийн тасарсан сургийг олны анхааралд оруулж ирлээ. Д.Дагвадорж гэдэг энэ хүн циркийн байрыг хувьчилж авсан уу, Монголын циркийг хувьчилж авсан уу, циркийн урлагийг монголдоо эргэн нутагшуулах тал дээр төр юу хийх вэ яаж дэмжих вэ, аль яам нь ямар бодлого энд зангидаж байгаа вэ гээд олон асуулт энд нээлттэй үлдлээ.

Шинэ циркийг 1971 онд Румынаас барилгачид ирж зориулалтаар нь барьсан байдаг. Хойно гараагаа тавьсан ч манай циркчид дэлхийд эхний 3-т жагсаж ирсэн. 90-ээд оны шилжилтээр циркийн олон сайн жүжигчид, багш нар гадаад талдаа гарч авьяас болоод хөдөлмөрөөрөө мөнгө олсон. Өөр сонголт, амьдрах арга тэдэнд байгаагүй. Одоо тэдний залгамж халаа юу болж байна. Өдгөө үлдсэн байгаа хуучин цирк гэх цорын ганц циркийн хүүхдүүдийг бэлддэг байр нь халаалтгүй байдаг ба үйл ажиллагааг зогсоо гэсэн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлттэй, ССАЖЯ-наас түүх соёлын дурсгалд хамааруулж  байрыг нь хураана,  Дашчойлин хийдэд өг гэсэн албан мэдэгдэл тэвэрчихсэн давхар давхар шантаажтай байж л байна.

Их аварга цирктэй нэр холбогдсон хүний хувьд үнэхээр галыг нь унтраалгүй авч явах чин сэтгэл өвөрлөж байгаа бол байгаа бол энэ сургуулийн байрыг нэг тийш шийдэж өөд нь татахад оролцох учиртай. Циркийн барилгын цаана циркийн амин сүнс болсон найруулагч, уран сайхны удирдагч, зураач нар, олон янзын зөвлөхүүд, оёдолчид, багш дасгалжуулагч, жүжигчид бий. Хэрвээ тэдний халаа тасарвал Монголын цирк жинхэнэ утгаараа байхгүй болж магадгүй. Залуу үе, залгамж халаа үгүй болж байгаа хэд нь гадаадад гараад байвал тун удахгүй хоосон манежин дотроо Дагвадорж гэдэг бөх Магнай гэдэг дарга хоёр халз тулж бүр уйдвал олсон дээгүүр явж хэн нь циркэд илүү ойр, хайртайгаа харуулж болох юм.

Монголын циркийн урлагийн гол цөм нь уран бүтээлчид, жүжигчид тэднийг урмаар болоод мөнгөөр тэтгэх үзэгчид нь юм. Монголын цирк мөхөх үү, сэхэх үү гэдгийг тэд шийдэж магадгүй. Ингэхэд их аварга Циркийн байрыг хувьчилж авсан уу, Монголын циркийг хувьдаа авсан уу. ССАЖЯ циркийн тухай юу хэлдэг юм бол.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
703
0 эможи
keyboard_arrow_up