Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хоол идэхийг хориглоно, үхэх аюултай

2014 оны 3 сарын 13

Ус ч ууж болохгүй. Хорт хавдар тусна.  Ер нь бол үхнэ гэсэн үг. Тэгээд юу идэж, уух уу гэж үү? Би мэдэхгүй. Хэрэглэж байгаа бүхэн хортой болчихсон болохоор тэрийг, үүнийг гэж санал болгох зүйл ч алга. Гай болж, гэнэт хор гараад ирвэл яана, хүн амины хэрэгт орно биз дээ. Мах, гурилаа холиод ид гэж ч хэлж чадахгүй нь. Мах нь шүлхийтэй, гурил нь мөнгөн устай байвал тэгээд л дуусаа. Диваажин, тамын аль нэг нь бодогдоно шүү дээ.

 

Тэгэхээр өлсч үхэх үү. Яалаа гэж даа, нойр хоолондоо сайн бол амьдрал аяндаа бүтнэ гэсэн уриатай цаг үед хоолноос хэрхэвч татгалзаж болохгүй. Тэгээд яах ёстой юм бэ. Идээд хордох уу, өлсөөд үхэх үү? Үнэндээ хариулт алга. Ямар ч байсан идэж ууж байгаа бүхэн л хортой юм гэнэ лээ шүү.

Хамгийн сүүлд, дөнгөж өчигдөрхөн Өдрийн сонинд “Монголчуудын ундандаа хэрэглэдэг усанд шууд хорт хавдар үүсгэдэг 28 төрлийн бодис байна” гэсэн гарчигтай ярилцлага нийтлэгджээ. Дэд эрдэмтэн Н.Чагнаа гэдэг хүн ийн ярьсан байна. Нөгөө амьдралыг тэтгэгч ус маань харин ч хайр найргүй хордуулж байгаам биш үү. Ингэхдээ бүр  нүүрснийхэн(гэр хорооллынхон), шүршүүрийнхэн(орон сууцныхан) гэж ялгахгүй хордуулж байдаг гэнэ. Усыг хлоржуулж ариутгахад 40 гаруй төрлийн хорт бодис үүсдэг бөгөөд тэдний 28 нь манайхныг хорт хавдартай болгодог тухай дэд эрдэмтэн ярьжээ. Тэгээд ууж байгаа чандмань эрдэнээсээ хордож үхэхгүйн тулд усаа мөнгөжүүлэх хэрэгтэй гэнэ. Харин мөнгөжүүлэх аргыг Н.Чагнаа гуай аль хэдийнэ бодож олохоор барах уу, мөнгөний уусмал хийчихсэн “Улаанбаатар Монос”-той гэрээ хийгээд зарж байгаа гэнэ шүү. Хөөрхөн бизнес. Ууж байгаа уснаасаа өвчин олохгүйн тулд мөнгөний уусмалыг хэрэглэх л шаардлага гарах нь дээ, янз нь.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө хүнсний ногоо, жимс жимсгэнэнд пестицидийн хэмжээ хэрээс хэтэрч, хордуулах аюулд хүрснийг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас мэдэгдэв. Айлгаж мэгдүүлэх гэв үү, эрхийг минь хамгаалж байгаа ёр нь тэр үү тэдний хийсэн мэдээлэл нэлээд сүржин байсан шүү. Эх орны хөрсөнд ургасан эрүүл гэж найддаг төмс ногооны маань 40 хувь, хужаа ах нарын тариалангийн 80 хувь нь пестицид хордсон. Тэр тусмаа төмс, байцаа, лууван, алим, усан үзэм, гадилыг идэх нь битгий хэл амандаа ч хүргэх хэрэггүй гэсэн утгатай мэдээлэл нь салбарын яам, мэргэжлийн хяналтын байгууллагыг нэлээд бажигдуулсан. Пестицид бол хор биш бордоо гэж хадуурсан нь мэргэжлийн байгууллагынхныг хэрхэн сандарсныг харуулна. Эсрэгцсэн энэ мэдээллийн ард ямар санаа байгааг мэдэхгүй. Баттай мэдэгдэж буй ганц зүйл нь хүнсний ногоонд пестицид тодорхой хэмжээгээр байдаг. Тэр нь хэтэрвэл нөгөө л хорт хавдар, ургийн гажгийг үүсгэдэг юм байна. Гэхдээ хэмжээ нь хэвийн үү, хэвийн бус уу гэдгийг нь мэдэх боломжгүйгээр төөрөгдүүлж орхисон болохоор найдахаас өөр замгүй. Хувь заяанд биш л дээ, тариаланчдад. Нөгөө талаар үнэн худал нь үл мэдэгдэх энэ төөрөгдөл тариаланчдад хар сүүдрээ тусгаж магадгүй. Эх орны хөрс гэсэн ганцхан шошготойгоор дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа тэднийг няслах тийм ч хэцүү биш ээ. Ямартай ч мах, гуриланд жийрэг болдог ногоог ч хүртэл тайван орхихгүй, үхлийн тунтай гээд байхаар хичнээн сайхан амттай байсан ч хоол хоолойн дээр тээглэчих гээд хэцүү юм.

Ингэхээр энгийн хэрэглээ бүгд хортой. Элдэв төрлийн малын өвчин гарч, туйлын эрүүл гэж боддог маханд маань “но” үүсгэнэ. Гурилнаас мөнгөн ус, цагаан будаанаас хар тугалга, хүнсний ногоо, жимс жимсгэнээс пестицид, сүүнээс бруцеллёз, уснаас хлор илрээд зогсохгүй бүр өвчин тусгаж, үхэлд хүргэх аюултай л гэнэ. Дээр нь талхнаас шархны лент, хиамнаас юу нь мэдэгдэхгүй ногоон өнгөтэй зүйл, компотноос өт гээд идэж уух бүхэн эгэл биш болчихсон нь үнэн. Бас архинаас болоод амиа алдах хүний тоо ч цөөдөхгүй. Цэвэр ус, ундаа ч бас но-той гэгддэг. Ингээд бодохоор эрүүл гээд идчих зүйл тун ховор бололтой. Нэмэр дээр нэрмээс болгож үнэн худал нь үл мэдэгдэх зүйлсийг дээр дооргүй ярьж, тархи толгой эргүүлэх нь гачлантай. Ер нь тэгээд хувийн бизнес ч бай, хувьсгалын намжаах гэсэн арга бай аль нь ч олон нийтийн тархийг угааж, мэдрэлээр тоглох ёсгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
704
0 эможи
keyboard_arrow_up