НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн захиралтай уулзав
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн орнуудын бүсийн 32 дугаар бага хурал Улаанбаатар хотноо болж байна. Бага хуралд Ази, Номхон далайн бүсийн 40 орны төлөөлөгч, түүний дотор Хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд, дэд сайд нар хүрэлцэн ирээд байгаагаас гадна тус байгууллагын Ерөнхий захирал Хосе Грациано да Силва оролцож байна.
Хурлаар Ази, Номхон далайн бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал болон түүний тогтвортой хөгжил, хүнс, хөдөө аж ахуйн өнөөгийн байдлын талаар хэлэлцэж байгаа юм. Мөн Мянганы хөгжлийн зорилтуудын нэг “Өлсгөлөнг 50 хувиар бууруулах зорилт”-ын биелэлтийн явц, малын бэлчээр, ойг нөхөн сэргээх, номхон далайн арлын болон далайд гарцгүй улсуудын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хоол хүнсний тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг энэ чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал айлчлалынхаа хүрээнд 3 дугаар сарын 12-ны өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нартай Төрийн ордонд уулзсан аж. Уулзалтаар Монгол Улс-ХХААБ-ын хүнс, хөдөө аж ахуй, ойн салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.