Эрхэмүүдээр дүүрэн. Сэхээтэн үгүйлэгдэнэ
100 хүнийг эрхэмлээд удаагүй байна. Гэтэл сэхээтэнүүд хаачив? Мэдлэггүй хоосон толгойг эрхэмлэх хүмүүс хаа сайгүй л тааралдана. Сэхээтэн хүн тааралдахгүй. Сэхээтэн хүн устжээ. Сэхээтнүүд дуусжээ.Сэхээтэн хүн гэдэг нөгөө худлаа профессор, худлаа акадмемич нар биш шүү. Сэхээтэн хүн гэдэг нөгөө худлаа монголч эрдэмтэн, худлаа яруу найрагч, эсвэл худлаа урлагынхан биш шүү. Мэдээж улстөрчид дотор сэхээтэн хүн байхгүй шүү дээ.
Ганц нэг социализмын үед Орос оронд сурсан эсвэл математикийн доктор болсон хүмүүс бий. Тэд өнөөдөр хэтэрхий хоцрогджээ. Бөө болцгоож гал түлцгээгээд л.
Сэхээтэн хүн гэдэг заавал эрхэм байх албагүй, харин ч эвгүй байх ёстой. Эвгүй л хүмүүс хийж бүтээдэг болохоос эвчихсэн нөхдүүд хулгайч, дээрэмчин, бялдууч зальжин, авгай хүүхдээсээ хэтэрдэггүй нөхдүүд. Жирэмсэн эхнэрийн шээх газараас холдож чадахгүй, 20 айл амьдарчихаар байшиндаа хоргодож, банкны данс руугаа байн байн орж шалгадаг, үхэхдээ хөрөнгөө авч явах хүсэлтэй жижиг хүмүүс.
Сэхээтэн хүн мөнгөөр юу хийх вэ дээ. Сэхээтэн хүмүүс гэдэг хөрөнгө мөнгөнөөс дээгүүр “дээд хүмүүс”. Ном уншсан, танин мэдсэн ухаан орсон ухамсарт шингэсэн хүмүүс. Ийм хүмүүстэй ард түмнүүд өнөөдөр өөрсдийгөө том 7 эсвэл, том 20 гэж нэрлэцгээнэ.
Мэдлэгээр яах юм бэ, мэргэжлээр яах юм бэ, мөнгийг нь төлөөд л диплом авчихна гэж боловсролыг устгана. Доктор болох шиг амархан ажил алга. Профессор болох шиг энгийн юм алга. Хэнд ч ойлгогдохгүй, хэн ч уншихгүй докторын ажил нэртэй галзуу хүний өдрийн тэмдэглэл бичицгээгээд л. Ойлгогдохгүй л бол мундаг ажил.
Хамгийн анх монголчууд хэзээ ном хэвлэж, номын дуу сонссон, бас ном хэвлэж үйлдвэрлэхэд хэн гэдэг ард түмэн тус болсоныг ч мэдэхгүй. Ядахдаа нэг номыг эхнээс нь авахуулаад дуустал уншилгүй, бас уншсан номынхоо агуулагыг ядаж ганц хуудас цаасан дээр үзгээр буулгаж чадалгүй диплом авцгаана. Яагаад ийм байдал үргэлжилнэ вэ?
Мэдлэг боловсролын цол хэргэмтэй мөртлөө хүн төрөлхтөний хамгийн анхны мэдлэгийн онолчдын нэрийг ч мэдэхгүй, хүн төрөлхтөний хамгийн анхны улстөрийн онолчдын нэрийг мэдэхгүй хэвээрээ олон хүмүүс багшилсаар. Энэ бүхэн яагаад ингэж хазайчихав гэсэн асуултын хариулт бол дээдийн дээд мэдлэгээ умартсаны бодит баримт.
Цөмийн хаягдалыг эсэргүүцэхийн оронд хуйвалдаж улстөрчидийн үйлчлэгч нь болж цөмийн хаягдал гэм хоргүй гэж ШУА-ынхан ам уралдан ярьж буйг харахад ямар их бялдууч гэдэг тодорхой. Ийм хүн сэхээтэн ч биш профессор ч биш. Үүнтэй адил улстөрчдөөс шагнал, цол хэргэм авсан сэтгүүлчид хэзээ ч нийгмийг соён гэгээрүүлэгч сэхээтэн биш. Сүүлийн үед олширсон нийгмийн ялзралыг шүүмжилдэггүй, хуучинсаг хоцрогдсон, уламжлалыг магтан дуулагч урлагийн хүмүүс хэзээ ч орчин үеийг авчрах нийгмийн тэргүүний эгнээнд алхах сэхээтнүүд биш. Тэд хар маасаас ялгарах ялгаагүй. Урлагт биш шагналд дарагдсан арчаагүй хүмүүс бол урлагынхан.
Сэхээтэн хүнд зөвхөн мэдлэгээс гадна бас эрдэм бий. Эрдэм гэдэг мэдлэгээс ялгаатай. Мэдлэгт хязгаар үгүй. Эрдэмд хязгаар бий. Эрдэмийн оргилд хүрэх боломжтой. Тиймээс эрдэмийн оргил харин мэдлэгийн далай гэвэл оновчтой.
Урлагийнхан, зохиолчид болон шинжлэх ухааны салбарынхан бол бүтээлчид, эсэргүүцэгчид мөн шүүмжлэгчид болохоос биш улстөрд үйлчлэгчид биш баймаар. Тэд төр, улстөр болон иргэн гурвын хамааралыг илэрхийлж яг л адилхан эрх мэдлийн зарчимтай гэдгийг олон нийтэд түгээх хүмүүс.
Хэвлэлийн компани, их сургууль, сонин сэтгүүл бүгд л сэхээтний байгууллагууд бөгөөд тэдний эрхэм зарчимууд нэгдүгээрт үнэн, хоёрдугаарт шударга ёс. Гэтэл тийм чанарт суурилсан үнэнийг илчлэх сэтгүүлүүд байна уу? Эсвэл бүгд юу ч хэлэхгүй милэнхойлог болсон уу?
Сэхээтэн хүн бол онолыг эрхэмлэнэ. Сэхээтэн хүн мэдлэг эрхэмлэнэ. Онолыг эрхэмлэнэ гэдэг хувийн санаа биш, өөрийн үзэл биш, өөрийнхөөрөө ертөнцийг тайлбарлах биш. Тухайн үед хүн сэтгэлийн хөдөлгөөнөөрөө бусдад мэдэмхийрэх биш. Онолч хүн хувийн туршлагаа нийтлэг болгох гэж оролдохгүй. Онолч хүн онигоог тэвчихгүй.
Сэхээтэн хүн юмыг дэндүүлж хэтрүүлэхийг үл хүснэ. Тэд онолыг хатуу барьдаг тул өөртөө итгэлтэй тиймээс бусдад гайхал төрүүлнэ. Тэд нэгэнт мэдлэгийг эрхэмлэдэг тул бусдад эвгүй байдал үүсгэнэ. Эсэргүүцэл, дургүйцэл, шүүмжлэл бүгд л сэхээтэн хүнийг сүүдэр мэт дагана.
Философич Поппэр сэхээтэний бүхий л чанарыг эзэмшсэн хүн. Тэр хэрхэн бодолд хүрсэн анхны нөхцөлүүдээ нэгд нэгэнгүй номуудаараа илэрхийлсэн. Поппэр хэзээ ч дуугаа хориулсангүй. Тэр алдаанаасаа суралцаж бусдын алдааг зоригтойгоор шүүмжилж алдаагаа нэн даруй залруулахыг шаардсан. Түүнийхээр сэхээтэн хүн гэдэг үргэлжийн эрх мэдэлтэнүүдийг хянан шалгагчид.
Анализ хийх хүмүүс алга. Мухар сүсгийн номууд, яруу найраг, диплом, цол шагнал өнөөгийн нийгмийг бүрэн гартаа авчээ.
Ямар ч хурц хараа, дохио, анхааруулга, шүүлтүүр алдагджээ. Үйл явдлыг нэвт харах хараа, дүгнэлт гаргах хурц бодол, даацтай мэдлэг, баталгаатай доктор профессорууд үгүйлэгдэнэ. Хэн Монгол хүнийг ноомой бас хүлцэнгүй болгоно вэ? Дотоодын дайсан уу, аль эсвэл гадаадын дайсан уу?
Нээлттэй Монголын нийгмийн дайснууд хэн бэ? Хэн эхэлж дайснуудад нийгмээ нээсэн бэ?
Inspiration, innovation, prosperity, avangard, modern, creativity гэх мэт Монгол хүний хөгжилд хэрэгтэй орчин үеийн ойлголтууд хүнийг хуучнаас дассанаас болон хоцрогдсоноос салгах учиртай.
Өөрийн ухаантай хүмүүс үгүйлэгдэнэ, ухамсартай хүмүүс дутагдана. Тэдний эрэлд гарах хүмүүс дутагдсаар. Ноомой, айдастай, дуугүй, амаа хаалгуулсан хүмүүс элбэг дэлбэг. Нийгмийн гэрээ байхгүй, харин төрийн мунхруулга явагдах мэт. Хэт энгийн, бэрхшээлтэй биш балар эртний зан төрх болон дүр зурагууд нээлттэй нийгмийг эзлэн түрэмгийлжээ.