Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Отгонжаргал: Эмэгтэйчүүдийн асуудал хүн амын хөгжлийн бодлогын төвд байх болно

2014 оны 3 сарын 13

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалтай эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудлаар ярилцлаа.- Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн талаарх санаачлага анх яаж гарсан бэ?

 

- Сүүлийн жилүүдэд Монгол улс төдийгүй дэлхийн өнцөг булан бүрийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө урьд өмнө нь байгаагүй хөдөлгөөн өрнүүлж байна. 1985 онд Кени улсын Найроби хотноо болсон НҮБ-ын дэлхийн эмэгтэйчүүдийн бага хурлаас хүний эрхийн асуудал хэдийгээр тухай үеийн хурлын албан ёсны тушаалд бараг дурдагдаагүй боловч эмэгтэйчүүдийн хувьд гол асуудал болон гарч ирсэн түүхтэй. 1995 оны Бээжингийн дэлхийн эмэгтэйчүүдийн бага хурал гэхэд мянга мянган эмэгтэйчүүд хүний эрхийн төлөө нэгдэж, бүхэл бүтэн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэмжээнд хүрсэн. Мөн Вений (Хүний эрх, Кайрын (Хүн ам) Копенганы (Нийгмийн хөгжил) бага хурлуудад оролцсон эмэгтэйчүүдэд хүний эрхийн идэвхтнүүд дээрх илтгэлд бүгдэд нь эмэгтэйчүүд ба тэдний эрхийг үл ойшоох явдал байгааг хөндөж хаана ч гэсэн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах ажил тэдний эрхэнд гарч буй дэвшлээс хамаарч байна гэж нотолсон байдаг. Энэ цаг үеэс засгийн газрууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад ихээхэн ач холбогдол өгөх болсон гэж үздэг. Түүнчлэн НҮБ-н ерөнхий ассамблейгаас эмэгтэйчүүдийн эсрэг, хүчирхийллийн эсрэг тунхаг бичиг гаргасан. Венийн тунхагласныг 1993 онд Дэлхийн хүний эрхийн бага хурлаар улс орны засгийн газрууд дахин баталгаажуулсан.

- Хүний эрх гэж юу вэ, Түүний дотроос эмэгтэйчүүдэд чиглэгдсэн ямар зарчим баримталдаг вэ?

- Эмэгтэйчүүдийн хүний эрх гэдэг нь нас хүйс, арьсны өнгө, хэл, үндэс угсаа, язгуур, шашин, улс төрийн үзэл бодол үл харгалсан эрхээ бүгд тэгшээр эдлэнэ гэсэн үндсэн зарчимд тулгуурласан байдаг. Эмэгтэйчүүдийн эрхийн хүний эрх хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн байдаг.

- Ер нь эмэгтэйчүүдийн хүний эрхийн хамгааллыг юу үр нөлөөтэй болгодог гэж та үздэг вэ?

- Хамгийн чухал нь хүчтэй удирдлага, зохион байгуулалт, анхаарал татсан эмэгтэй хүний эрхийн асуудлаарх дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийн түүнийг олон нийтэд түгээж уриалан танилцуулах ажил гэж боддог.

- Танай яам Хүн амын хөгжлийн цогц бодлого боловсруулж байгаа гэсэн. Уг бодлогын зорилго ямар вэ?

- Хүн амын хөгжлийн цогц бодлогоор хүн ам зүйн цонх үед тохиох хүн амын асуудлыг бүрэн хамарч, тулгамдсан асуудлуудыг нийгэм-эдийн засгийн хөгжлийн явцад харилцан уялдаатайгаар цогц байдлаар шийдвэрлэхийг зорьж төсөлд тусгаж байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор дараах тэргүүлэх 5 чиглэлийг баримталж байна:

   – Нөхөн үржихүйн насны хүн ам их байгааг түшиглэн эрүүл, чанартай төрөлтийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлэх, хүн ардаа эрүүл байлгаж, хүн амын өсөлтийг тогтворжуулах,

   – Өсөн нэмэгдэж буй хүүхэд, залуучуудын боловсрол, соёлын хэрэгцээг хангаж, бүтээлч чадамжтай хүний нөөцийг улсдаа бэлтгэх,

   – Өсөн нэмэгдэж буй хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх,

   – Өсөн нэмэгдэж буй ахмадуудыг эрүүл насжилтад бэлтгэх,

   – Иргэд эх орондоо эрүүл тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх.

- Хүний эрх, эмэгтэйчүүдийн асуудал хэрхэн тусч байгаа вэ?

- Хүний эрх, эмэгтэйчүүдийн асуудал аль ч хөгжлийн бодлогын гол асуудал байх учиртай. Түрүүн өгүүлсэнчлэн хүний эрхийн тухай асуудал бодлогын үндсэн зарчим байх бол эмэгтэйчүүдийн асуудлыг хөгжлийн бодлогын төвд байх болно. 2013 онд бид Хүн амын хөгжлийн цогц бодлогын төслийг боловсруулах хүрээнд хүн амын бүлгүүдийн асуудлаар үүний дотор, эмэгтэйчүүд, гэр бүл, жендэрийн асуудлаар үндэсний чуулганууд зохион байгуулсан. Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого, шинэчлэл чуулганаас эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлогыг боловсруулах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр төр, төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагуудад зориулан тодорхой зөвлөмжүүдийг гаргасан. Эмэгтэйчүүдийн талаар төрөөс анхаарах асуудлуудыг Хүн амын хөгжлийн цогц бодлогын төсөлд болон бусад баримт бичгээр дамжуулан шийдвэрлэнэ.

- Эмэгтэйчүүдийн хувьд төрөөс анхаарах ямар асуудлууд байна вэ?

- Төрөөс анхаарах асуудалд жендэрийн тэгш байдлыг хангах, үл ялгаварлан гадуурхах зарчыг бүх бодлого, үйл ажиллагаанд баримтлах, эхчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, нийгмийн хамгааллаар хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүчирхийллээс ангид байлгах зэрэг асуудлууд тусч байгаа. Түүнчлэн гэр бүлийн аж амьдралыг дэмжиж таатай боломжийг бүрдүүлнэ.

- Эмэгтэйчүүдийн тухайд жендэрийн тэгш эрхийн асуудал ямар байдаг вэ?

- Жендэрийн тэгш эрхийг чиглэл чиглэлээр сайн судалж үзэх шаардлагатай. Монголын өрхийн 20 орчим хувийг эмэгтэйчүүд толгойлж, тэдний дийлэнх ядуу амьдарч, гэр бүлээ цуцлуулсан эмэгтэйчүүдийн 80 хувь нь үр хүүхдээ тэжээн өсгөх, ар гэрээ авч явах ачааг ганцаараа үүрч байна. 2006-2013 он буюу сүүлийн 8 жилээр эрэгтэй эмэгтэйчүүдийн тэтгэврийн харьцааг авч үзвэл нийт тэтгэвэр авагчдын 63 хувь нь эмэгтэйчүүд байгаа боловч авч буй тэтгэврийн хэмжээний хувьд эмэгтэйчүүд дунджаар 206,8 мян.төг, эрэгтэйчүүд 265,7 мян.төг авч байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн тухайд манай улсад ажиллах хүчний оролцооны түвшин 2000 оноос 2012 онд 67 хувиас 63 хувь болж буурснаас эмэгтэйчүүдийнх 62 хувиас 58 хувь болж буурсан байдаг.

- Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл их гарч байна. Хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх вэ?

- Гэр бүлийн хүчирхийллийн гол хохирогч нь хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадууд байгааг анхаарч, гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэж, хүчирхийлэлд цэг тавихаа Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэгдсэн. Бид үүнийг ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Засгийн газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Жендэрт суурилсан хүчирхийллийн (хүн худалдаалах гэмт хэрэг гэх мэт) хохирогчдыг хамгаалах байр, сэтгэл зүйн үйлчилгээг хүргэх, стандартын дагуу үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах тэдэнд үйлчилгээ үзүүлэх, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах тэднийг эргэн нийгэмшүүлэх зэрэгт ахиц гаргаж чадна. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2002-2015/ хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулж ЖҮХ-ны салбар хороод, зөвлөлийн жендэрийн мэргэжилтнүүд, холбогдох ажил үүрэг бүхий төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх шаардлагатай.

- Эмэгтэйчүүдийн чиглэлээр олон улсын түвшний хамтын ажиллагаанаас дурдана уу.

- Эмэгтэйчүүдийн чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд олон улсын түвшинд, гадаад улс орнуудтай хамтран ажиллаж ирсэн. Зөвхөн сүүлийн хамтын ажиллагааны хэлбэрээс дурьдахад 2013 оны 9 дүгээр сарын дундуур Тайланд улсад болсон Ази, номхон далайн орнуудын хүн ам ба хөгжлийн бага хуралд манай улсын төлөөлөгчид оролцож, жендэрийн тэгш байдлыг шинэ түвшинд хүргэх, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохоо илэрхийлсэн бол уг бага хурлын дараа 2013 оны 9 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотноо үндэсний дээд хэмжээний уулзалт зохион байгуулж Хүн ам ба хөгжлийн чиглэлээр 2014 оноос цааш хэрэгжүүлэх зорилтуудыг тодорхойлж Улаанбаатарын тунхаглалыг гаргасан.

Түүнчлэн манай улсын төлөөлөгчид тун удахгүй 2014 оны 3 дугаар сарын 10-21-ний өдрүүдэд болох АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын ээлжит 58 дугаар “Охид, эмэгтэйчүүдтэй холбогдсон Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгижлт, тургарч буй сорилууд” чуулганд оролцохоор энэ өдрүүдэд мордох гэж байна.

- Та нар саяхан 3 сая дахь иргэнээ хүлээн авна гэж зарласан. Энэ нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг зөрчиж байгаа хэрэг бус уу?

- Манай эмэгтэйчууд их ухаалаг шүү дээ. Хэзээ төрөх, хэдэн хүүхэдтэй болохоо өөрсдөө сайн зохицуулдаг. Төрөөс ҮСХ-ноос гаргасан тооцоог үндэслээд л манай улс удахгүй 3 сая иргэнтэй болно, түүнийгээ угтана гэдгээ л зарласан болохоос төрөх насны эмэгтэйчүүдийнхээ төрөлтийг мөнгөөр зохицуулна гэсэн санаа огт байхгүй. Манай эмэгтэйчүүд төрөлтөө монгол эмэгтэйн биеийн эрүүл мэнд байгалийн зохицолдолгоо болон өөрсдийн чин хүсэл, гэр бүлийн боломж, нөхцөл, боловсролын түвшин гээд олон зүйлээр өөрсдөө зохицуулсаар ирсэн тул энд хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, тэр дотроо нөхөн үржихүйн эрхийг зөрчсөн ямар ч асуудал байхгүй.

- Сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Сүүлийн үгийг танд үлдээвэл...

- Эмэгтэйчүүдийн эрхийн өдөр буюу бидний хэлж заншсан олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг бүх сайхан охид, эмэгтэйчүүд, ээж нартаа хүргэж байна. Нийгмийн бүх салбарт, төр, хувийн хэвшил, албан бус секторт ажиллаж, улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, ажлын талбарт үргэлж манлайлахын зэрэгцээ ар гэрээ сайн авч явж чаддаг эмэгтэйчүүддээ талархал илэрхийлэхийг хүсч байна. Түүнчлэн ар гэрийнхээ албыг хариуцан үр хүүхэд, ач зээ, азай буурлаа асран тэтгэж буй эмэгтэйчүүдээ магтан тэднийхээ хөдөлмөрийг сайшаамаар байна. Та бүхний зүтгэлээр хань нөхөр, эрчүүд ажил албандаа санаа зовох зүйлгүйгээр зүтгэж байгаа билээ. Монголын эмэгтэйчүүдийн асуудлыг төр, нийгмийн түвшинд нэр төртэй авч явсан, эмэгтэйчүүдийнхээ төлөө их ажлыг хийж байсан Монголын Эмэгтэйчүүдийн байгууллагынханд талархал илэрхийлж байна. Эцэст нь охид, эмэгтэйчүүдээ хайрлаж, урам хайрлаж, дэмжиж байхыг Монголын нийт эрэгтэйчүүдэд уриалмаар байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
713
0 эможи
keyboard_arrow_up