Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

П.Цагаан: Хүүхдийн паркийг булаасан нөхдүүд нүглээ наминчлах ёстой

2014 оны 3 сарын 13

Монголын Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай ярилцлаа.- Урин цаг ирчихлээ. Хүүхэд багачууд маань тоглох газаргүй хэцүүхэн байх шиг байна. Үүн дээр ямар бодолтой байна вэ?- Өнгөрсөн 20 жилийн хугацаанд гэрэл гэгээтэй зүйл олон байсан боловч бараан зүйлүүд ч олон байсан.

 

Түүний нэг нь хүүхдийн гэх тодотголтой зүйлс рүү улайран дайрсан, увайгүй амиа хичээсэн, хүүхдийн эрх ашгийн эсрэг олон үйлдлүүд гарсан. Тиймээс ч хүүхдийн гэсэн их олон юм алга болсон. Кино театрууд, хүүхэд залуучуудын театр, номын сангууд, хүүхдийн парк мөн дунд сургуулиудын биеийн тамирын талбайг үгүй хийсэн. Хуучин бүх сургуулиуд хөлбөмбөгийн талбайтай байсан. Гэтэл одоо ихэнх нь байхгүй байна. Үүнд миний сэтгэл их гутардаг. Хүүхэд бол эрх ашгаа хамгаалж тэмцэж чаддаггүй, үүнийг нь далимдуулагсад байна. Нөгөө талаас хүүхдийн тоглоомын талбай, хүүхдийн парк , биеийн тамирын талбайг үгүй хийж байна гэдэг бол орчин үед суудлын өвчин, зурагт компьютерт хэт автах, хөдөлгөөний хомсдол үүсэхэд ихэд нөлөөлж байгаа сөрөг үзэгдэл. Бусад соёлтой оронд бол хүүхдийн биеийн тамирын талбайг үгүй хийнэ гэдэг нь гэмт хэрэг гэж үздэг. Манайд болохоор нүд дасчихсан байна. Товчхондоо хүүхдүүдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг талбай, орон зайг үгүй хийж байна гэдэг бол хүүхэд залуучуудын ирээдүй, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаатай адилхан. Энэ хатуу зарчмаар л  энэ асуудалд хандах хэрэгтэй.

- Паркийн асуудлаар Монголын Залуучуудын Холбоо "Паркаа аваръя" хөдөлгөөн өрнүүлсэн. Гэвч дэмжлэг дутаад бас хүчин мөхөстөөд одоог хүртэл амжилтанд хүрээгүй ч өөрсдийн бололцоогоор тэмцсээр л байгаа.  Энэ асуудалд та ямар байр сууринаас хандаж байна вэ?

- Зөв алхам хийж байгаа гэж үнэхээр дэмжиж байгаа. Паркийн асуудлаар МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, залуучуудын байгууллага дуугарч, Иргэний танхимд хэлэлцүүлэг хийж, сонин хэвлэлээр нилээд шуугиад авсан.

Парктай холбоотой хүмүүсийг хараад байхад зарим нь зүгээр аваад хадгалсан юм гэж байгаа. Тэгвэл тэр хадгалсан хүмүүс нь өгчих хэрэгтэй. Зарим бие биетэйгээ барьцаад байгаа нөхдүүд бол сайн санаагаар буцаагаад өгчих хэрэгтэй. Нөгөө хэсэг болох үнэхээр орон зайг нь багасгаад байшин барьчихсан нөхдүүд бол нүглээ наминчилж, хэр хэмжээгээр хүүхдүүдийн тоглох наадах чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орон зайг үгүй хийсэн, тэр хэмжээгээрээ өөр хүүхдүүдийн эрх ашигт нийцсэн зүйлд хөрөнгө мөнгө зарж юм барьж бүтээж өгөх хэрэгтэй. Хуулийн асуудал бол нэг асуудал. Түүний хажуугаар аливаа зүйлд ёс зүй гэж байдаг. Нүгэл хилэнц гэж юм бий.

Нөгөө талаас энэ хүмүүс бол тухайн үед зэрлэг капитализм, зах зээл рүү шилжиж байгаа тэр үед овсгоо самбаа гаргаад газрын зөвшөөрөл авчихсан. Мэдээж энэ бизнесмэнүүд булаагаад барьчихаагүй, газар олгох шийдвэр гаргасан хүмүүс нь 70-80 хувь буруутай. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн хотын удирдлагууд маш их буруутай. Тэгэхээр хууль зүйн хувьд гэм буруугийн харьцаа гээд асуудал гарч ирнэ. Тэгэхээр паркийг өгсөн хүмүүс нь хариуцлага хүлээхээс  гадна авсан хүмүүс ч хэдий чинээ буруу зүйл хийсэн, тэр хэмжээгээр нүглээ наминчлах ёстой. Ингэж нүглээ наминчлахыг хүүхдүүд, нийгэм сэтгүүлчид шаргуу шаардах хэрэгтэй гэж бодож байна.

- Таны хувьд одоо паркийн асуудалд ямар гаргалгаа байна. Гарц бий юу?

- Би дээр хэлсэн. Хадгалж байгаа, хадгалсаар ирсэн хүмүүст нь баярлалаа. Одоо тэд буцаагаад өгчих хэрэгтэй. Мэдээж паркийн газарт том том байшин барьсан хүмүүсийн барилгыг нураана гэдэг хэцүү. Тэгэхээр өөрсдөө санал санаачилга гаргаад авсан талбайтайгаа адил яг тэр хэмжээгээр магадгүй өөр газар ч юм уу хүүхэд залууст зориулсан зүйлийг хийх хэрэгтэй гэж бодож байна.

- Шүүх дээр энэ асуудал ялагдсан. Шүүхийн шийдвэр хэр үнэн бодитой гарсан бэ?

- Би шүүхийн шийдвэрийг хэлэлцэх, хөндлөнгөөс оролцож зөв буруу гэж хэлэх боломжгүй. Гэхдээ харамсалтай нь өнөөдрийг хүртэл нийтийн эрх ашгийн өмнөөс нэхэмжлэл гаргадаг хуулийн орчин байгаагүй. Ашигт малтмалын хуультай холбоотой хэлэлцүүлгийн явцад энэ асуудал хөндөгдөөд, нийтийн эрх ашгийн өмнөөс  хүн нэхэмжлэл гаргадаг тийм эрх зүйн орчинг бүрдүүлэх гэж Ц.Элбэгдорж ерөнхийлөгч явж байна. Ийм асуудлаар хуулийн байгууллагад хандахаар чиний эрх ашиг яаж хохирсон, хөндөгдсөн юм бэ гэдэг. Үүнийг ерөнхийлөгч анхаарч өөрчлөн, нийтийн эрх ашгийн өмнөөс шүүхэд гомдол гаргадаг, түүнийг нь хэлцдэг болох юм. Ер нь Иргэний зарим байгууллагууд шүүхэд хандаад торгуул хүлээлгэсэн зүйл гарсан. Гэхдээ нэг асуудал шийдсэн ч дараагийн асуудал үүсдэг. Хэдий тэр хүн санаачилга гаргасан ч гэсэн тэр хүүхдийн газрыг булааж авч байгаа хүн чинь нийгэмд нэр хүндтэй, мөнгөтэй хүн байгаа. Тэр хүмүүсийг шүүхэд ялахын тулд тэд нарын хөлсөлснөөс дутуугүй хуульч, сайн өмгөөлөгч хөлсөлж авах хэрэгтэй болдог. Заримдаа нийтийн эрх ашгийн төлөө явж байгаа хүн нь өөрөө хохирч, шийтгэл болж хувирах гээд байдаг. Нэхэмжилмээр байдаг, явмаар байдаг, цаг хугацаа хэрэгтэй. Үүнийг л ярих хөндөх асуудал гарч байгаа юм.

Манай бараг хоёр гурван зуун хуульд иргэдийн санал бодлыг сонсч шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт байдаг. Гэтэл тэр хуулиудын сул тал нь хэрхэн яаж сонсох, яаж тусгах вэ гэсэн зүйл нь байдаггүй. Хуулийн битүү заалтуудыг дарга болгон өөрийнхөөрөө ойлгож тайлбарладаг гажуудал бий.

- Хуулийг сайжруулах, шүүхийн шинэчлэл гээд бүтцийн асуудлаа яриад байгаагаас бус шүүгчдийн асуудлаа орхигдуулаад байх шиг. Жишээ нь паркийн асуудал дээр бол хувь шүүгчийн нөлөө бас харагдаж байгаа юм шиг санагддаг?

- Шүүхийн шинэчлэл бол том асуудал. Шүүхийн шинэ хууль батлагдаад өнгөрсөн зургадугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхэлж байна. Энэ хугацаанд 70 гаруй мянган шүүхийн шийдвэрийг ил болгочихсон. Нэгдүгээрт, шүүхийн шийдвэр ил болохоос өмнөх шийдвэрүүдтэй харьцуулбал газар тэнгэр шиг ялгаатай байна. Хоёрдугаарт, давж заалдах хяналтын шатны шүүхийн шийдвэр урт болж, чанар нь сайжирч эхэлж байна. Бид үүнийг хэрэгжүүлж эхлээд жил болоогүй байгаа ч гэсэн "Нээлттэй нийгмийн хүрээлэн"-тэй хамтраад шүүхийн хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ өгдөг болгох  гэж байгаа. Энгийн нүдээр харахад харьцангуй маргаан багассан. Гэхдээ хүн л шийдэж байгаа учраас хүнтэй холбоотой юм гараад л байдаг. Тэгэхлээр шилж сонгодог механизмаа өөрилье гэсэн. Урьд нь 14 хүнтэй сууж байгаад нууцаар санал өгөөд олонхийн санал авсан хүн нь сонгогдчихдог байсан. Шинэ хуулиар шинээр шүүгч болж байгаа хүний хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүн ил санал өгнө. Шалгалтын оноог эрэмбэлнэ. Мөн Хуульчдын холбооноос тодорхойлолт авна. Харин дараагийн шатны шүүгчийг сонгон шалгаруулахдаа  бол анхан шатны шүүхэд ажиллаж байсан шүүхийн шийдвэрүүд дээр нь анализ хийдэг болно. Урьд нь гаргасан шийдвэрүүдийн хэдэн хувь нь давж заалдах шатны шүүх дээр очоод хүчингүй болсон. Яагаад хүчингүй болсон бэ гээд шийдвэрийнх нь чанар дээр томилохоос татгалзах асуудал яригдана.

- Монголын шүүхийг "Голдоо ортол ялзарсан шүүх" гэдэг байсан. Энэ нэр томъёоноос хэзээ салах вэ?

- Нийтийн эрх ашгийн асуудлууд ер нь аливаа шийдвэрүүд шударга л гарах ёстой. Үүний тулд шүүгч болох хүмүүсээ чанаржуулъя. Цалинг нь нэмье. Гаргасан шийдвэрүүдийг нь ил болгоё. Сонголтоо сайжруулъя гэж бодож байгаа. Манай шүүх сайжирна гэдэгт итгэлтэй байна.

2008 онд Нээлттэй нийгмийн хүрээлэн манайд судалгаа явуулсан. Нэлээд нэртэй сэтгүүл дээр манай шүүхийн талаар судалгаанд суурилсан нийтлэл тавигдсан нь "Голдоо хүртэл ялзарсан шүүх" гэсэн гарчигтай байсан. 2008 оны үед манай шүүхийг гадныхан тэгж л үнэлж байсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гарч ирээд шүүхийг шинэчилье гэж ажилласаар одоо нилээд юм өөрчлөгдсөн. Гэхдээ энэ өөрчлөлтөнд цаг хугацаа их шаардана. Дөнгөж эхэлж л байна.

- Залуучуудын байгууллаас анх энэ асуудлыг зориглож гаргаж ирсэн. Ер нь Ухаалаг төртэй болоход залуусаас их шалтгаалах байх. Төрөөс залуучуудаа дэмжих тал дээр хэр байна гэж та боддог вэ?

- Ухаалаг төрийг дэмжиж байгаа дэмжлэг санаачилга газар сайгүй өрнөж давалгаалж байна. Ухаалаг төр гэдгийг хүмүүс өөр өөрсдийнхөөрөө ойлгож эхэлж байна. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс нэг зөвлөмж гаргаад  аймаг орон нутгуудад тараасан ч  энэ нь хангалттай биш гэдэг нь харагдсан. Тиймээс бид Ухаалаг төр гэж яг ийм юм байна гэж тодорхойлоод Бодлогын бичиг баримт гаргах юм. Энэ гуравдугаар сарын дундуур Иргэний танхимд Төрийн албаны зөвлөл, УИХ, Засгийн Газар, Ерөнхийлөгчийн Тамгын Газар,  Аудит,  Мэдээллийн технологийн газрын удирдлагууд  оролцож, хэлэлцүүлэг явагдах бөгөөд үүнээс дээр хэлсэн бодлогын баримт бичгийг гаргах юм. Нийтэд нэг ойлголт өгөх хэрэгтэй гэсэн утгаараа энэ хэлэлцүүлгийг хийхээр болсон. Ухаалаг төр гэдэг бол энэ шинэ зуунд цоо шинэ Монгол Улсыг авч явах, ардчилсан, нээлттэй, танилд биш түмэнд үйлчилдэг, өрсөлдөх чадвартай, орчин үеийн төрийг урлан бүтээх том ажил юм.

- Ухаалаг төрийн дэвшүүлж буй нэг асуудал бол Төр аль болох өөр дээрээ асуудлуудыг тохохгүй хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудаар чаддаг зүйлүүдийг нь хийлгэх зарчмын асуудал байгаа. Үүний хүрээнд залуучуудын асуудлыг залуучуудын байгууллагуудад өгөөд хийлгэвэл болох уу?

- Болно оо. Дэмжиж байна. Анх удаа төрийн үүргийг сонгодог бус утгаар нь төрийн бус байгууллагад шилжүүлсэн хууль бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль юм. Урьд нь хуульчийн гэрчилгээг төр засаг өгдөг байсныг одоо хуульчдын холбоо нь өгч байгаа. Энэ мэтчилэн анхны алхам хийгдэж л байгаа. Төрийн болон төрийн бус байгууллагуудад, хувийн хэвшлийнхэнд өгч болж байгаа юм. Манайх жижиг улс, манай иргэдийн боловсролын түвшин өндөр учраас асуудал гарахгүй.

- Ерөнхийлөгч ухаалаг төрд технологи, мэдлэг хоёр орж ирэхгүй байна гэж хэлсэн. Технологи гэж ярих юм бол залуус л тэр орчинд нь байна. Бэлэн орчин нь тэнд байна?

- Залуучууд олонтой нь манай давуу тал. Үеийн үед шинэ санаа санаачилга, салхийг хагалсан зоригтой үйл ажиллагааг оюутан залуучууд л хийж байдаг. Тэднийг эсэргүүцэх, нухчин дарах биш, дэмжих асуудал чухал байна. Мэдээж төр бол  зөвхөн залуусаа биш бүхий л нийгмийн давхаргын хүмүүсээ дэмжиж чирч явах шаардлагатай болдог. Манайх шиг хурдан өөрчлөгдсөн улс их ховор шүү. Саяхан бид Үндсэн Хуулийн 22 жилийн ойгоор ярьж байлаа. 22 жилийн өмнө Үндсэн Хуулийг баталж байхад энэ төрийн ордонд нэг ширхэг комьпютер байгаагүй. Дандаа 10 хурууны бичгийн машин байсан гэж. Манайх мэдээллийн технологи дээр сүүлийн 10 жилд  үсрэлт хийсэн. 2005 онд "Цахим Монгол" хөтөлбөр хэрэгжиж, одоо бүх сум интернэттэй холбогдох боломж замтай болсон. Одоо харин хурдаа нэмэх, багтаамжаа өргөжүүлэх л асуудал яригдаж байгаа юм.

- Монгол Улс хөгжлийнхөө замд орсон уу. Нэг хэсэг нь орсон нөгөө хэсэг нь үгүй гэж байгаа харагддаг?

- Одоо бидэнд түүхэн боломж байна. Ухаалаг төртэй байгаад эдийн засгийн хөгжлөө дэмжээд, төрийн оролцоог багасгаад явбал Монгол Улсад хөгжлийн гайхалтай боломж байна. Харамсалтай нь  бизнес эрхлэгчдийн урмыг хугалсан юм их хийж байна. Үүнд жаахан харамсаад байгаа юм л даа. Нийгэм Геглийн сперал гэдэг шиг жаахан явж байгаад л залруулга хийгээд явдаг жамтай. Үнэн дээ зарим юманд ерөнхийлөгчийн оролцоо байна. Заримд нь үгүй. Залуучууд дуугарах оролцох хэрэгтэй.

- Олон нийтийн эзэмшлийн газрын, тэр дундаа хүүхдийн паркийн асуудалд ард нь томоохон авлигын асуудлууд явагдаж байна гэж хардагдахаар байдаг л даа.

- Би "Авлигатай Тэмцэх Газар"-ыг хадны мангаа болж хувирах гэж байгаад санаа зовдог. Авлига гэдэг чинь нэг төрлийн гэмт хэрэг. Субьектээр нь, гэмт хэргийн төрлөөр нь ингэж мөрдөж шалгадаг байгууллага байгуулагдаж байгаа нь буруу гэж хувь хүнийхээ хувьд боддог. Авлига дэлхийн бүх улсуудад л байгаа. Бусад хэргүүд яаж шийдэгддэг тэр зарчмаараа л явах ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
714
0 эможи
keyboard_arrow_up