Гудамж талбайн худалдааг цэгцэлж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын хамтран гаргасан “Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” захирамжийн дагуу гудамж талбай дахь ил задгай худалдааг цэгцэлж эхэлжээ.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17 дугаар хороодын нутагт явган зорчигчдын зам болон автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг хааж, нүүрс түлээ зарж, түүхий эд авч буй иргэдийг зогсоож эхэлжээ.
Учир нь дээрх чиглэлийн худалдаа наймаа эрхлэгчид нь замын үзэгдэх орчинг хязгаарлаж, зам тээврийн осол хэрэг гарах аюул дагуулдаг ажээ.
Тиймээс Сүхбаатар дүүргийн нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй түлээ нүүрсний худалдаа эрхэлж байгаа 46 иргэнийг хүлээн авч уулзан, цаашид авах арга хэмжээний талаар харилцан ярилцаж, хороо тус бүрт төвлөрсөн цэг байгуулж, иргэд хоорондоо хоршиж, нэгдмэл нэг санаатай ажиллах, цэвэрлэгээ үйлчилгээг хамтран хийж байх талаар нэгдсэн нэг шийдэлд хүрчээ. Одоогийн байдлаар тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 32-ын авто зам дагуу зөвшөөрөлгүй байрлуулсан түлээ, нүүрс болон машины тос, тосолгооны материал худалдаалдаг 20 ТҮЦ, контейнорын эздэд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх “Албан шаардлага” хүргүүлжээ. Одоогийн байдлаар гурван ТҮЦ-ийг буулгаад байгаа аж.