Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Замын хөдөлгөөнд зохиомол түгжрэл үүсгэж байгааг цэгцэлнэ

2014 оны 3 сарын 13

Сая гаруй хүнтэй нийслэл хотод ажлын өдрүүдээр төдийгүй амралтын өдрөөр ч авто замын хөдөлгөөний ачаалал ихтэй байгаагийн нэгэн шалтгаан нь явган хүний зам дээр худалдаа наймаа хийх, зуны улиралд машин угаах, зарим замуудын нэгдүгээр эгнээг эзлэн хоёрдогч түүхий эд авах зэргээр зохиомол түгжрэл үүсгэж байгаа явдал гэж мэргэжлийн байгууллагууд тайлбарладаг.

 

Нийслэлийн хэмжээнд зохимол түгжрэл үүсгэж байгаа төдийгүй замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа хэд хэдэн байршил байгаа юм.

Тухайлбал, Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх Их тойруугийн зам буюу тойрог хөдөлгөөнтэй газарт явган зорчигчдын зам, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг хэсэгчлэн хааж нүүрс түлээ заран, түүхий эд авч, үзэгдэх орчинг хязгаарлаж байгаа нь зам тээврийн осол хэрэг гарах аюул дагуулдаг байна. Түүнчлэн Дөлгөөн нуур үйлчилгээний төвөөс Баянбүрдийн тойрог хүртэлх авто зам дагуу  байрласан авто засварын газрууд явган хүний зам болон нэгдүгээр эгнээг засвар хийх талбай болгон ашигладаг нь замын хөдөлгөөнд байнга саад учруулдаг байна.

Доржийн гудамж буюу Цайз захын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог чиглэлд замын нэгдүгээр эгнээг барилгын материал, нүүрс, мод худалдаалах, хоёрдогч түүхий эд авах цэг болгосоор байна.  Мөн 22-ын товчоо чиглэлийн авто замын явган хүний замыг хааж хоёрдогч түүхий эд авч байгаа нь хөдөлгөөнд саад учруулахаас гадна замын хашлага, хучилт эвдэх шалтгаан болж байгаа юм. Энхтайваны өргөн чөлө,  Хархорин захын гадна талбайд явган хүний зам дээр гар дээрээс худалдаа хийж явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулсан хэвээр байна.

Тиймээс Нийслэлийн Авто замын газраас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран замын хөдөлгөөнд энэ мэтээр зохиомол түгжрэл үүсгэж байгаа байдлыг цэгцлэн арга хэмжээ авахаар болжээ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
717
0 эможи
keyboard_arrow_up