Техникийн захуудыг 10 дугаар сарын 01-ний дотор хотын төвөөс нүүлгэнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 сарын 21-нд болсон хуралдаанаар техникийн захуудыг Улаанбаатар хотын төвөөс нүүлгэж СХД-ийн 32-р хороо, хуучнаар 22-ын товчоо байснаас ургаш 130 га газарт “Авто худалдааны нэгдсэн цогцолбор” барих асуудлыг хэлэлцэн баталлаа.
Хуралдааны үеэр нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, “Авто худалдааны нэгдсэн цогцолбор барих асуудлаар нийслэлээс томоохон мэдээллийн сувгуудаар дамжуулан иргэдээс санал авсан бөгөөд нийслэлийн иргэдийн 80 гаруй хувь нь дэмжсэн. Мөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа энэ чиглэлээр худалдаа, үйлчилгээ эрхлэж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн саналыг тусгасан” гэдгийг онцолсон.
Энэхүү цогцолборыг байгуулснаар Улаанбаатар хотод авто худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу нэг цэгт төвлөрүүлж, замын хөдөлгөөний хэт ачаалал, агаар болон хөрсний бохирдол зэргийг 40 орчим хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм.
Төлөвлөж байгаагаар цогцолборт сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, авто эскпо зохион байгуулах 1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбайтай. Мөн энэхүү цогцолборын оффисын барилгад Улсын дугаарын тоо бүртгэлийн газар, банк, санхүү, нотариат зэргийг байршуулахаар төлөвлөж байна.
Эхний ээлжинд авто машины худалдааны ил талбайг байгуулж ашиглалтад оруулан авто машины худалдаа эрхлэгчдэд борлуулах бөгөөд энэ оны 10 сарын 01-ний дотор авто зогсоол, зам талбай, хамгаалалтын хашаа барих ажлыг дуусгах юм. Зогсоолын төлбөрийн хувьд бага оврын автомашины зогсоол бүхий 18 метр кв газрыг 4 сая төгрөгөөр, том оврын автомашины зогсоол буюу 72 м кв газрыг 9 сая төгрөгөөр аж ахуйн нэгж, иргэнд эзэмшүүлнэ. Дараагийн ээлжинд худалдааны талбайг борлуулснаас олох 36,283 тэрбум төгрөгөөр явган хүний зам, үйлчлүүлэгчдийн зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, авто машины туршилтын талбайг байгуулахаар тооцжээ. Мөн авто экспо явагдах цогцолборын барилга, оффисын барилга зэргийн эдэлбэр газрыг Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаа зохион байгуулж бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.
НИТХ-ын Тэргүүлэгчид авто худалдааны цогцолбор барих асуудолыг эцэслэн шийдвэрлэсэн учраас 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийтийн эзэмшлийн талбай, бусад ил задгай зогсоол, талбайд автомашин тээврийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглохоор болов.